Палестины радикал ХАМАС хөдөлгөөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах тухай хамгийн сүүлийн саналд нааштай хариу өгсөн байна.

Тус хөдөлгөөнийхөн Telegram сувгаараа дамжуулан “ХАМАС түрэмгийллийг бүрмөсөн зогсоох, Газын зурвасаас Израилийн зэвсэгт хүчнийг бүрмөсөн гаргах, Израилийн цэргүүдийг эргүүлэн авах зэрэг манай ард түмний шударга шаардлагад тулгуурлан, иж бүрэн бөгөөд тогтвортой хэлэлцээрт хүрэхэд бэлэн.

Нүүлгэн шилжүүлсэн хүмүүс, дэд бүтцийг сэргээн босгох, хоригдлуудыг солилцох зэрэг ажлыг ХАМАС улс үндэстний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, гал зогсоох, хоригдлуудыг суллах тухай саналд нааштай хариу өгсөн” гэж мэдээлжээ.

ХАМАС мэдэгдэл хийхдээ, Палестины хөдөлгөөний зүгээс хамгийн сүүлд гаргасан саналыг дэмжсэн ч Израилийн засгийн газар тохиролцоонд хүрэх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна. Бид тавдугаар сарын 5-нд эвлэрүүлэн зуучлагчдаас саналыг хүлээн авч, маргааш нь баталж, хариугаа танилцуулж, зуучлагчид болон бүх талд мэдэгдсэн бол Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Рафах руу дайрч, хариу үйлдэл үзүүлсэн. Газын зурвас даяар манай ард түмний эсрэг түрэмгийлэл улам бүр гаарч байна” гэжээ.

Байден Газын зурваст гал зогсоохын тулд Израильд шахалт үзүүлэхийг АНУ-ын засаг захиргаанд уриалсан байна. ХАМАС мэдэгдэлдээ Израилийн албаныхан уг саналыг зөвшөөрөөгүй гэж онцолсон бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Израилийн тал гэрээний төсөлд тусгагдсан нөхцөлүүдэд сэтгэл хангалуун байна гэж мэдэгджээ.

Байден өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Газын зурваст энх тайвныг тогтоох тухай шинэ  бөгөөд гурван үе шаттай төслөө танилцуулсан. Эхнийх нь зургаан долоо хоногийн хугацаатай бөгөөд гал зогсоох, Израилийн цэргийг хүн ам суурьшсан газар нутгаас гаргах, Израилийн шоронгоос олон зуун палестин хоригдлыг суллахын оронд ХАМАС хөдөлгөөний барьцаалагдсан хүмүүсийг суллах зэрэг багтсан билээ.

Мөн энэ хугацаанд талууд хэлэлцээрээ эхлүүлэх ёстой бөгөөд харилцан ойлголцолд хүрэх хүртэл гал зогсоох хэлэлцээр хүчинтэй байна. Хоёр дахь үе шатанд барьцаалагдсан бүх хүнийг, тэр дундаа цэргийн албан хаагчдыг суллана. Гурав дахь шатанд Газын зурвасыг сэргээн засварлах, амиа алдсан израильчуудын шарилыг ойр дотнын хүмүүст нь шилжүүлэн өгөх юм.

ХАМАС болон Исламын “Жихад” радикал бүлэглэл зургаадугаар сарын 11-нд Катар, Египетийн зуучлагчдад санаачилгын хариуг өгснөө зарлаж, “дайныг зогсоох тохиролцоонд хүрэхийн тулд эерэг арга хэмжээ авахад бэлэн” болохоо илэрхийлжээ.

АНУ, Египет, Катар улсууд ээлжлэн гал зогсоох тухай саналын талаар санал хүлээн авснаа баталж, Газын мөргөлдөөнд оролцогч талууд тохиролцоонд хүрэх хүртэл зуучлалаа үргэлжлүүлнэ гэж амалжээ.

ХАМАС бүлэглэл 2023 оны аравдугаар сарын 7-нд Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрч, хил орчмын суурингийн оршин суугчдыг хөнөөж, хүмүүсийг барьцаалсны дараа Ойрхи Дорнодын байдал эрс дордсон.

Үүний хариуд Израиль Газын зурвасыг бүрэн бүслэн хааж байгаагаа зарлаж, Ливан, Сирийн зурвас болон тодорхой бүс нутгуудад цохилт өгч, дараа нь тус бүс нутагт хуурай замын ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу