Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал И-Монголиа сайтаас бүх төрлийн үйлчилгээ, лавлагаа мэдээллийг харах боломжтой болсон. Иргэн өөрийн нэр дээрх өмч хөрөнгийн мэдээллийг өргөдөл өгсөн эхний хувилбартай нь хамт хардаг болсон гэсэн үг.
Энэ удаад 20 гаруй иргэний өмнөөс газар эзэмших хүсэлтийг хуурамчаар бичиж, улмаар зөвшөөрөл гарсан газрыг бүхэлд нь хашаалан эзэмшиж байсан мэдээллийг хүргэж байна.
Иргэн С манай редакцад хандаж, өөрийн асуудлыг уламжилсан юм.
Тэрбээр 2024 оны зургаадугаар сард И-Монголиа системд байгаа өөрийн мэдээллийг судалжээ. Ингэхдээ өөрийн нэр дээр газар байгааг олж мэдэн, улмаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд биеэр очиж шалгуулсан байна.
Энэ талаар биечлэн очиж тодруулахад, тус дүүргийн Газрын албаны мэргэжилтэн, “2021 онд та өөрийн биеэр өргөдөл бичиж өгсөн байна. Улмаар таны өргөдлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Засаг даргын А\1154 тоот захирамжаар 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна” гэсэн хариулт өгчээ.
Баталгаажсан эрхэд хамаарах бүх материал нь И-Монголиа системд ил тод байгаа тул иргэн С өөрийн нэр дээрх газрыг баталгаажуулан, гэрчилгээг нь хэвлэн авч, тухайн газарт баталгаат кадастрын тэмдэглэгээ хийлгэж, хашаа барихаар болсон байна.
Ийнхүү олгогдсон байршлын газарт очтол газрын зураг дээр тэмдэглэгдсэн газрыг бүхэлд нь том төмөр хашаагаар хашсан байжээ. Дотроо нэг ч хашаа, байшингүй том газар байсан тул иргэн С дахин дүүргийн газрын албанд хандсан байна.

Ингээд түүний өмнөөс хэн өргөдөл бичиж өгсөн болохыг тэрбээр сурагласаар энэхүү том хашаанд шинээр газар эзэмших болсон хүмүүс 2020 онд “Хүчит зам” гэх авто зам, барилгын компанид ажиллаж байсан нь тодорхой болсон байна.
Иргэн С 2020 оны 5-6 дугаар сарын хооронд тус компанид ажиллаж байгаад гарчээ. Харин энэхүү нэрсийн жагсаалтад байх 30 орчим иргэн тухайн үед ажиллаж байсан нь батлагдсан байна.

Гуч орчим иргэний 0.07 га газрыг хуурамч өргөдөл ашиглан, эзэмших эрхийг батлуулж, өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр хашаалсан байсан гэсэн үг. Энэ талаар иргэн С жагсаалтад байсан иргэн Н, Э нараас асуухад “Огт мэдэхгүй, өргөдөл бичиж өгөөгүй. Юун газартай болчихов” хэмээн хариулсан байна.

Тухайн иргэн өөрийн төрд байгаа мэдээллийг нягталж хараагүй байсан бол өөрийн нэр дээрх газрыг огт мэдэхгүйгээр алдаж, цаашид газар эзэмших эрхгүй болох байжээ. Хуулиар эзэмших эрх олгогдсоноос гурван жилийн дотор хашаалаагүй бол хүчингүй болдог. Эдгээр иргэд өөрийн газраа мэдэлгүй нэг жилийг өнгөрөөсөн байгаа юм.

“Хүчит зам” ХХК өмнө ажиллаж байсан иргэдийн мэдээллийг ашиглан, хуурамч өргөдөл бичиж, түүнийг нь нягталж шалгалгүй Баянзүрх дүүргийн Засаг дарга баталгаажуулж зөвшөөрөл олгосон хэргийн талаар тухайн иргэн холбогдох хуулийн байгууллагад өргөдөл гомдол гаргажээ. Гомдол мэдээллийн дагуу БЗД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. 

Харин “Хүчит зам” ХХК-иас уг асуудлыг тодруулахад “Андуурагдсан бүртгэл байсан. Удахгүй газрууд нь цуцлагдчихна. Наадах чинь байгууллагын нэр дээрх газар” гэх хариултыг өгсөн юм.

Бид энэ талаар талуудын байр суурийг сурвалжлан дахин мэдээлэх болно.
А.ХУРЦ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу