Итали улсад энэ долоо хоногт болох “Их-7”-гийн удирдагчдын уулзалт барууны хүчийг харуулах гэхээс илүү “сүүлчийн оройн зоог шиг” харагдаж байна гэж “Politico” онцолжээ.

Украинд дайн гурав дахь жилдээ үргэлжилж, хэт барууны намууд Европ болон Ойрхи Дорнодын эрх мэдлийн төвүүдийг атгахаар болж буй энэ үед ардчилсан ертөнцөд “Их 7”-гийн хүчтэй манлайлал нэн чухал байгаа юм.

Италийн өмнөд эргийн “Борго Эгназиа” амралтын газарт болох “Их 7”-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт тус бүлэглэлийн түүхэнд “хамгийн сул” уулзалт болж магадгүй аж.

Учир нь, тус бүлгийн удирдагчдын дийлэнх нь сонгууль, эсвэл дотоодын хямралд анхаарлаа хандуулж, олон жил алба хашаад урам нь хугарсан, эсвэл эрх мэдэлтэйгээ зууралдсаар байгаатай холбоотой.

Францын Эммануэль Макрон, Их Британийн Риши Сунак нар хоёул ээлжит бус сонгуулийн кампанит ажил өрнүүлээд завгүй буй. Германы Олаф Шольц өнгөрсөн амралтын өдөр болсон Европын холбооны парламентын сонгуульд хэт барууны үндсэрхэг үзэлтнүүдэд ялагдаж, улмаар огцорч магадгүй болоод байгаа юм.

Канадын Ерөнхий сайдаар есөн жил ажилласан Жастин Трюдо “солиором” ажлаасаа гарах тухайгаа илэн далангүй ярьжээ. Японы Фумио Кишидагийн рейтинг урд өмнөхөөсөө илтэд унасан байна.

Өдгөө 81 настай Жо Байдены хувьд хүү Хантер өнгөрсөн Мягмар гарагт галт зэвсэг худалдахдаа хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хэрэгт буруутай нь тогтоогдсон. Энэ нь ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын хүрээнд Дональд Трамптай хийсэн анхны чухал мэтгэлцээнээс хоёр долоо хоногийн өмнө Ардчилсан нам ялагдах ноцтой эрсдэл дагуулж буй юм.

Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед НАТО-д суугаа АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Иво Даалдер “Мелонийг эс тооцвол G7-ын дээд хэмжээний уулзалтын удирдагчид бүгд сул, дорой байна.

Трюдо дараагийн сонгуульд ялагдах магадлалтай. Байдены хувьд сонгуулийн өрсөлдөөн нэлээн ширүүн байна. Шольц хүч нь суларсан. Макрон ч ялгаагүй. Сунак бол “алхаж яваа үхсэн хүн” бөгөөд Кишида ч гэртээ ноцтой асуудалтай байна” хэмээн хэлжээ.

Толкины шүтэн бишрэгч

Италийн Жоржиа Мелони ялагдахыг хүсэхгүй. Хэт барууны үзэлтэй “Италийн ах дүүс” намын дарга тэрбээр засгийн эрхэнд гарснаасаа хойш хоёр жилийн дараа Ромын цэнхэр захт дүүрэгт амьдардаг Толкений увайгүй шүтэн бишрэгч. Өнгөрсөн Ням гарагт болсон Европын холбооны сонгуульд намынхаа саналын хувийг нэмэгдүүлсэн. Тэрбээр одоо Брюссель дэх Европын холбооны бодлогын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэхэд бэлэн буй.

Гэхдээ Мелони супер хүчийг удирдах боломжгүй. Дэлхийн ес дэх том эдийн засагтай Итали улсын хувьд олон улсын тавцанд хийж чадах зүйл маш их бий.

Хэдэн сарын турш Италийн удирдлага дор Европ, АНУ-ын албан тушаалтнууд Барууны банкуудад битүүмжилсэн Оросын их хэмжээний хөрөнгийг Украинд зээл болгон олгох “Их-7”-гийн төлөвлөгөөг зарлах тухайд санал зөрөлдөж, түүнийгээ нэг мөр болгохыг чармайж буй.

Гэвч дээд хэмжээний уулзалтын өмнө тохиролцоонд хүрнэ гэсэн найдвар байхгүй байна. Үүний холбоотойгоор Европын албаны хүмүүс АНУ-д уур хилэнгээ илт илэрхийлж буй. Санхүүжилтийн ачааллыг хуваалцах санал үндэслэлгүй, нэг талыг барьсан бөгөөд Европын холбооны хувьд асар их хариуцлага үүрэхээр байгаа аж.

Эх сурвалж: POLITICO
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу