2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас ил болгоод байна. Үүнээс УИХ-ын 1-р тойрогт буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшиж буй УИХ-ын дарга Г.Занданшатарын хөрөнгө, орлогын мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн дөрвөн жилд түүний жилийн орлого 40 гаруй сая төгрөгөөр буурсан ч хөрөнгө нь 598 сая төгрөгөөр нэмэгджээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатарын орлого 2019 онд 124 сая 305 мянган төгрөг байсан бол 2023 онд 83 сая 957 мянга болж, 40 сая 348 мянган төгрөгөөр буурчээ. Гэсэн хэдий ч түүний гэр бүлийн орлого өсөж,  үнэт эдлэл, хадгаламж зэрэг нь нэмэгдсэн байна. 

Тодруулбал, Түүний гэр бүлийн орлого 2019 онд 74 сая 448 мянган төгрөг байсан бол сүүлийн дөрвөн жилд 254 сая 840 мянга болж өсжээ. 

Тэрбээр 2019 онд 765 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий гурван барилгатай байсан бол 2023 онд 1 тэрбум 175 сая төгрөгийн үнэлгээтэй болсон байна. Мөн тэр ямар ч малгүй байсан бол 2023 онд 15 сая төгрөгөөр үнэлэгдэх таван адуутай болжээ. 2019 онд газаргүй байсан ч 4 сая 900 мянган төгрөгийн 699 м.кв газартай болсон байна. 

Түүний дотоодын хадгаламж 2019 онд 106 сая 832 мянган төгрөг, гадаад дахь хадгаламж 13 сая 613 мянган төгрөг байсан. Харин 2023 онд гадаад дахь хадгаламжаа хааж, дотоодын данс дахь хадгаламждаа 179 сая 500 мянган төгрөг нэмсэн байна. Ингэснээр нийт 286 сая 333 мянган төгрөгийн хадгаламжтай болжээ. 

Тооцож үзвэл, сүүлийн дөрвөн жилд түүний хөрөнгө 598 сая 187 мянган төгрөгөөр өссөн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу