-Яагаад дэлгүүр нээх болсон бэ? Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд хувийн жижиг бизнесээ эхлүүлэх тохиолдол олон байдаг. Та тэдний адил хүүхдээ асарч байхдаа дэлгүүр нээх санаа бодож олов уу?
-Тийм ээ. Охиноо харангаа ямар нэг юм хийхгүй л бол болдоггүй. Анх 2019 оны хавар захиалгаар валентины шоколад хайлуулан хэвлэж, худалдаалдаг байлаа. Дараа нь “Мартын 8”-наар цэцэгт мэндчилгээний хүргэлт хийж, фэйсбүүк пэйж нээсэн юм. Тэр намар онлайн шопоо нээж, хүүхдийн хичээлийн хувцас хэрэглэгдэхүүний захиалга авч эхэлсэн. Маш олон хүн захиалга өгч, түүнээс их урам авсан. Тэр урам зоригоороо өнөөдөр дэлгүүр нээчихээд зогсож байна.
-“Солнышко” гэж орос нэр өгсөн нь анхаарал татаж байна. Яагаад ингэж нэрлэсэн бол?
-Анхны хүүхэд маань хоёр жилийн өмнө өвчний улмаас эндсэн тухай өмнө нь ярьж байсан даа. Тэр охиныг минь Намуун гэдэг байсан юм. Дэлгүүрээ охиныхоо нэрээр нэрлэх гэж байгаад сольж, “Нархан” буюу “Солнышко” гэж дөхүү нэр өгсөн.
-Дэлгүүрийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Юу худалдаалдаг вэ?
-Манай дэлгүүрт бэлэг дурсгал, гэр ахуйн бараа болон бүх төрлийн бэлгийн багцууд худалдаалж байгаа. Шил, шаазан аяга, тавгийн ком, ор хөнжлийн торгомсог цэвэр даавуунууд, дэр болдог хөнжил, гоёлын цүнх, чемодан, аяны ширээ сандал, мах шарагч гэх мэт өргөн сонголттой бараанууд бэлэн байна. Хүргэж өгөх боломжтой.
Мөн амттаны баглаа, сэтгэлийн үгтэй набор хүртэл сонголтоор гарна. Эдгээрийг төрсөн өдөр болон бусад тэмдэглэлт баяруудаар мэндчилгээний үгтэй гаргадаг. Хаанаас ч байсан холбогдоод өөрийн хүссэн загвараар бэлгээ боолгож, хайртай дотнын бүхэндээ хүргүүлж болно.
-Дэлгүүрээ хэзээнээс ажиллуулж эхэлсэн бэ. Үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй зүйлс байна уу?
-Дэлгүүрээ энэ сарын 9-нд нээсэн. Үйлчлүүлэгчдэдээ тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд лангуу, тавиуруудаа бид өөрсдөө хийсэн. Тохижилт гээд завгүй өдрүүд өнгөрсөн ч дэлгүүртэй болж байгаа болохоор ядарснаа мэдээгүй. Сайхан өдрүүд өнгөрч байна.
Худалдааны төв маань саяхан ашиглалтад орсон учраас одоохондоо хөл хөдөлгөөн багатай байна. Гэхдээ онлайнаар бараа захиалдаг байнгын үйлчлүүлэгчид болон ойр дотнын хүмүүс маань ирж, худалдан авалт хийж байна.
-Залуу хүн орон нутагт ажиллаж, амьдрах хүнд гэдэг. Одоо цагт залуус гадагшаа явахыг л зорьдог болжээ. Танай гэр бүлийн хувьд нутагтаа хэдэн жил ажиллаж, амьдарч байна вэ?
-Их сургуулиа төгсөөд, Улаан-Үд хотод ажиллаж, амьдардаг байсан юм. 2017 онд Сайншанд суманд шилжиж ирсэн. Залуу гэр бүл хэдий ч хоёр талын аав, ээжээсээ тусламж авахгүйгээр өөрсдөө бүгдийг тэгээс эхлүүлээд явж байна. Шантрах өдрүүд бишгүй байсан ч өнөөдөр өөрсдийн гэсэн дэлгүүр нээгээд сууж байгаадаа туйлын баяртай байна.
Манай Сайншанд бусад орон нутагтай харьцуулахад хөгжил харьцангуй сайтай, замын түгжрэлгүй, стресс багатай, тайван газар. Үүнийг дагаад сэтгэл санаа ч амгалан, сайхан байдаг.
Залуу гэр бүлийн хүсэл зоригоор дүүрэн эхлүүлж буй шинэхэн бизнесийг дэмжиж, гэр ахуй, бэлэг дурсгалын өнгө загварын өргөн сонголттой бүтээгдэхүүнүүдээс худалдан авалт хийхийг хүсвэл дараах хаягаар зорин очоорой.
Хаяг: Сайншанд “Номин” худалдааны төвийн баруун талд, “Эрхэс төв”-ийн 2-р давхар, 201 тоот. Утас: 99946602
Х.ТҮШИГ