УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход 13 хоног үлдээд байна. Дэлхийн орнууд Монголын парламентын сонгуульд анхаарлаа хандуулж, улмаар өөр өөрсдийн өнцгөөр мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэсээр байна.

Бид энэ удаа “БИДНИЙ ТУХАЙ” буландаа УИХ-ын ээлжит сонгуулийн талаар ТАСС агентлагт гарсан мэдээллийг онцоллоо.

ТАСС: Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь нэг тэрбум төгрөгөөс дээш буюу 295 мянга орчим ам.долларын хөрөнгөтэй байна. Энэ талаар тус улсын Авлигатай тэмцэх газраас мэдээлж, нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэлж эхэлжээ.

Авлигатай тэмцэх газраас “УИХ-ын энэ удаагийн сонгуульд 1336 нэр дэвшигч өрсөлдөж буй бөгөөд тэдний 30 хувь нь буюу 415 хүн тэрбум төгрөг давсан хөрөнгөтэй байна” гэж мэдээллээ.

Тус газраас өгсөн мэдээллээр, 415 тэрбумтны дотор УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар болон эрх баригч Ардын нам, сөрөг хүчин АН гэсэн хоёр гол намын бүлгийн дарга нар тэргүүтэй одоогийн УИХ-ын 44 гишүүн байна.

Монгол Ардын намаас 95 тэрбумтан, Ардчилсан намаас 94 тэрбумтан тус тус нэр дэвшиж байгаа аж.

Монгол Улс парламентын засаглалтай. Сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдаа томилдог. Тус улсын Үндсэн хуульд 2022 онд оруулсан хамгийн сүүлийн нэмэлт өөрчлөлтөөр бүх сайд нэгэн зэрэг парламентын гишүүнээр ажиллах боломжтой болсон.

2023 оны зун батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулиар сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж, 76 депутатын орон тоог 126 болгож нэмэгдүүлсэн. Үүнээс 78 нь нэг мандаттай тойргоос, 48 нь намын жагсаалтаар сонгогдоно.

Шинэ хуулиар депутатуудын 30 хувь нь эмэгтэйчүүд байх ёстой. Ирэх 2028 оны УИХ-ын сонгуулийн дараа тэдний эзлэх хувь 40 хувьд хүрэх ажээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу