АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Италид болсон “Их 7”-гийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Украины удирдагч Владимир Зеленскийтэй Вашингтон, Киевийн хооронд 10 жилийн хугацаатай аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурсан байна.

“Reuters” агентлаг “Талууд энэхүү гэрээг Украиныг НАТО-гийн эвсэлд гишүүнээр элсүүлэх гүүр гэж үзэж байна” хэмээн мэдээлжээ.

Дээрх гэрээнд “Украины аюулгүй байдлыг хангахын тулд тус улсад Умард Атлантын эвслийн стандартад нийцсэн хүчирхэг зэвсэгт хүчин, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт тасралтгүй хөрөнгө оруулалт шаардлагатайг хоёр тал хүлээн зөвшөөрч байна” гэж дурдсан байна.

Мөн түүнд АНУ Украинд цэргийн бүтээгдэхүүн нийлүүлэх, тагнуулын мэдээлэл, цэргийн бэлтгэл сургуулилт, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэхтэй холбоотой тусламж үзүүлэх бодолтой байгаа талаар тэмдэглэжээ.

“Борго Эгназия” амралтын газарт болсон “Их 7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украин барууны орнуудтай байгуулсан ижил төстэй гэрээний нэгэн адил Вашингтон Киевтэй цэргийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Украины тагнуул, сөрөх тагнуулын албадтай хамтын ажиллаагаагаа эрчимжүүлж, Украины цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг дэмжихээ амалж, мөн Киевийн НАТО-д элсэх хүсэл эрмэлзлийг дэмжих хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Вильнюст 2023 оны зун болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр “Их 7”-гийн бүлэг Киевтэй аюулгүй байдлын баталгааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа зарласан.

Түүнээс хойш Украин хоёр талын 17 гэрээ байгуулсан байна. ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захаровагийн хэлснээр, эдгээр баримт бичгийн хүрээнд баталгааны тухай яригдаагүй бөгөөд зөвхөн Киевийн холбоотнууд юу хийж буй талаар тусгаад, өөр зүйл амлаагүй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 5-нд дэлхийн мэдээллийн агентлагуудын тэргүүнүүдтэй хийсэн уулзалтын үеэр “Украин дахь тусгай ажиллагаа 2-3 сарын дотор зогсох боломжтой. Гэхдээ үүний тулд барууны хамтын нийгэмлэг Киевд зэвсэг нийлүүлэхээ зогсоох ёстой” гэж хэлжээ.

Эх сурвалж: REUTERS, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу