“Жорлон” үндэсний чуулганыг өнөөдөр (2023.03.31) Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж байна.  Уг чуулган нь “Гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох” зорилготой юм.

Чуулганаар “Грийнлэнд прайндлиХХК-ийн захирал П.Оюунбат, Улаанбаатар хотын нүхэн жорлонгийн судалгааг танилцууллаа.

Тэрбээр “2000 оноос хойш нийслэл хотын хүн амын механик өсөлт эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад хотын газар нутгийн хэмжээ, гэр хорооллын бүс дөрөв дахин тэлсэн. Дэд бүтэцгүй, төлөвлөлтгүй суурьшлын бүс нэмэгдсэнээрээ хөрсний бохирдол эрсдэлийн хэмжээнд хүрэх гол шалтгаан болсон. Мөн нийслэл хотын газарзүйн байрлалаас үзвэл хотгор газар байрладаг нь бохирдолд ихээхэн нөлөөлдөг. Гэр хорооллын бүс нь харьцангуй өндөрлөг бөгөөд туул голын сав газарт хөрсний ус, хөрсний гүний усыг шууд нэвчүүлэх чиглэлд байрладаг. Уруу байрлал нь хөрсний гүний бохирдлын нэвчилт уруугаа явагдах эхлэл болж байгаа юм. Мөн ундны усны эх үүсвэрт маш ноцтойгоор нөлөөлөх нөхцөл байдал үүсгэж байна.

Хөрсний бохирдлын судалгаанаас харахад нийт дээжийн 62.5 хувьд нь гэдэсний савханцрын халдварын нян, 21.2 хувьд гэдэсний хижиг өвчний нян зэрэг илэрсэн бол 9.1 хувьд нь Салменоллез буюу гэдэсний халдварт өвчний нян илэрч эхэлсэн. Энэ нь маш ноцтой анхаарал ёстой асуудлын нэг.

Нянгийн бохирдол нь харьцангуй улирлын шинж чанартай байдаг. Хасах градуст идэвхгүй байсан нян нь дулааны улиралд хөрсөөр, үерийн усаар дамжин халдвар тарааж эхэлдэг. Нэг нүхэн жорлонгоос 4-5 метрийн зайнд бохирдлын хэмжээ маш их байдаг гэсэн судалгаа бий. Хөрсний гүнд мөн судалгаа хийхэд 0.5-6 метр хүртэл нянгийн бохирдол тархсан байсан. Мөн гүний худгийн усанд хэрхэн нөлөөлж байгааг судлахад 27 метрийн гүн худгаас бохирдлын нян илэрсэн.

Олон тооны нүхэн жорлон, эмх замбараагүй тоо мэдээлэл байгаа учраас ажил эхлүүлэхэд бэрхшээлтэй. Тиймээс бохирдлын эх үүсвэрийн мэдээллийн санг бий болгох нь зүйтэй. Ингэснээр хяналт үйлчилгээг системтэйгээр хийж эхлэх боломжтой.

“Улаанбаатар хотын нийт нүхэн жорлонг байршлаас хамаараад хөрсний бохирдлын индексийг гаргасан. Ингэхдээ маш өндөр нарийвчлал бүхий сансрын зургийг ашиглалаа. 18 метрийн өндрөөс дроноор харах хэмжээний нарийвчлалтай зургийг бид судалгаанд хэрэглэж, бүртгэлжүүлсэн.  Ингэснээр хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлуудыг хаанаас эхлэх нь товч тодорхой болж байгаа юм. Эхний ээлжид хамгийн гүн бохирдолтой буюу устгах шаардлагатай 9.443 нүхэн жорлонд 1-4 жилийн хугацаанд арга хэмжээг авах ёстой юм байна. Нарийвчилсан судалгааны үр дүнд ажлын хуваарийг тодорхой болгосон, одоо ажлуудын нэршлийг гаргаж байгаа. Судалгааны ажил нэгэнт үр дүнгээ өгсөн учраас цаашид арга хэмжээ хэрэгжүүлэх шатны ажлууд одооноос хэрэгжихэд бэлэн болсон” гэдгийг онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу