Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.18-д “Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарласан үед Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно” гэж заасан.

Түүнийг үндэслэн, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр завсарлуулсан.

Хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан найм дахь удаагийн парламент ээлжит болон ээлжит бус 12 чуулган, Хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, нийт 2200 шахам хууль тогтоомж баталсан билээ.

Чуулганы хуралдаан зохион байгуулах хэлтсээс мэдээлснээс харахад, хаврын чуулганы тавдугаар сарын нэгдсэн хуралдаанд Д.Ганбат, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, С.Чинзориг, Н.Энхболд нарын гишүүд таслалтгүй, идэвхтэй оролцсон байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 5 удаа тасалснаараа тэргүүлж, А.Адъяасүрэн С.Ганбаатартай зуузай холбож (4 удаа), С.Амарсайхан, Д.Батлут, Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Б.Энхбаяр нар 3 удаагийн таслалтаараа удаалжээ. 

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу