Газын зурваст Израилийн зэвсэгт хүчин өнгөрсөн амралтын өдрүүдэд цэргийн ажиллагаа явуулсан. Энэ үеэр ХАМАС бүлэглэлийнхний барьцаанд буй иргэдээс дөрвийг нь сулласан байна. Тэдний нэг Газад хоригдсон найман сарын хугацаанд ХАМАС бүлэглэлийнхний гарт, сэтгэл зүйн маш хүнд дарамтад байсан тухайгаа ярьжээ.

Өдгөө 27 настай Андрей Козлов өнгөрсөн Бямба гаригт Газын төв хэсэгт орших Нусейрат дүрвэгсдийн хуаранд байсан бөгөөд Израилийн зэвсэгт хүчнийхний ачаар Ноа Аргамани, Алмог Мейр Ян, Шломи Зив нарын хамт барьцаанаас суллагдаж, амь аврагдсан байна.

Энэхүү ажиллагаа нь Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг суллах зорилготой Израилийн гурав дахь удаагийн аврах ажиллагаа боловч “сүйрлийн ул мөр”-өө үлдээжээ. Газын эрх баригчид “Израил, ХАМАС бүлэглэлийн мөргөлдөөний үеэр дор хаяж 274 палестин хүн амиа алдсан” гэж мэдэгдсэн байна.

Козлов болон бусад хүмүүсийг хүн амын нягтаршил ихтэй нутаг дэвсгэрт байрлах хоёр барилгад саатуулсан байжээ. Израилийн Батлан ​​хамгаалах хүчин (IDF) “Хэрэв цэргийн ажиллагаа явуулж буйг тус бүлэглэлийнхэн мэдсэн бол барьцаалагдсан хүмүүсийн заримыг хөнөөж болзошгүй байсан. Иймд хоёр барилга руу бид нэгэн зэрэг дайралт хийсэн” гэж мэдээлсэн байна.

Оросын иргэн Козлов бараг хоёр жилийн өмнө Израиль руу нүүж очжээ. Түүнийг аравдугаар сарын 7-нд Газын зурваст “Нова” хөгжмийн наадамд хамгаалагчаар ажиллаж байхад нь ХАМАС-ын гишүүд хулгайлжээ.

Козловын гэр бүлийнхэн CNN-д өгсөн ярилцлагадаа хүү нь хэрхэн зовж шаналж байсан тухай зарим нарийн ширийн зүйлийг ярьсан бөгөөд Израилийн цэргүүд хүүг нь аврахаар ирнэ гэж төсөөлөө ч үгүй байсан тухайгаа өгүүлсэн аж.

Козловын аав Михаил Козлов ХАМАС-ын дайчид олон сарын турш “Израилийг хүйс тэмтрэхийг хүсэж байна” гэж хэлж байсан учраас хүү минь “маш их айсан” хэмээн хэлсэн аж. ХАМАС”-ын дайчид хүүд нь “Израиль чамайг алахыг хүсч байна” гэж хэлсэн тул өөрийг нь аврахаар ирсэн гэдэгт эргэлзжээ.

Михайл барьцаалагчид хүүтэй нь зүй бус харьцсан ч энэ талаар дэлгэрэнгүй ярихгүйгээ хэлээд, тэд буруу зан үйлийнхээ төлөө шийтгэлээ хүлээх болно гэж хэлсэн байна.

Тэрбээр “Андрейн бидэнд ярьснаас дурдвал, ХАМАС-ын гишүүд өдрийн аагим халуунд түүнийг хөнжлөөр хучдаг байсан гэж хэлсэн. Энэ бол маш хэцүү сорилт юм” гэсэн байна. Барьцаалагчид түүний ах Дмитрийг “Еврей хэлээр битгий ярь. Англиар шивнэж ярих хэрэгтэй” хэмээн дарамталдаг байжээ.

Михайл хүүтэйгээ уулзаж, магнайгаа хагартал баярласан ч өвдөг сөгдөн, нулимс дуслуулан уулзсан хүүгээ хараад сэтгэл нь ихэд шимширсэн байна.

Газын зурваст өдгөө ХАМАС-ын барьцаанд 116 хүн үлдсэн бөгөөд 41 хүн нас барсан гэж таамаглаж байгаа аж.

Михаил барьцаалагдсан хүмүүсийг хэлэлцээр хийх, эсвэл цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх замаар, өөр ямар ч аргаар хамаагүй суллахыг дэмжиж байгаагаа хэлжээ. Тэрбээр “Барьцаанд буй хүмүүсийг ар гэрийнхэнд нь буцаан өгөхийн тулд бид бүх боломжоо ашиглах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Өдөр бүр маш их хүчирхийлэл…

Эмч нарын хэлснээр, өнгөрсөн Бямба гарагт аврагдсан Израилийн дөрвөн хүнийг ХАМАС бүлэглэлийнхэн хэрцгийгээр зоддог байжээ.

Доктор Итай Пессач CNN-д ярилцлага өгөхдөө “Тэд өдөр бүр маш аймшигтай зодуур амсаж, бие махбод, оюун санааны болон бусад төрлийн, ой тоонд багтахын аргагүй хүчирхийлэлд өртсөн” гэж хэлсэн байна.

Пессачийн хэлснээр, найман сарын турш барьцаанд байсан тэдгээр иргэд хоол тэжээлийн дутагдалд орж, эрүүл мэндийн хувьд асар их хохирол амсчээ. Олзны хүмүүс уургийн дутагдалд орж, булчингууд нь “хатингаршиж”, бусад эд эрхтэндээ нөлөөлсөн байна. Барьцаанд буй хүмүүст хоол хүнснээс гадна уух ус ч бараг олддоггүй аж.

Өнгөрсөн жил түр эвлэрлийн дагуу суллагдсан хүмүүсийн дунд байсан Керен Мундер, түүний ээж болон 9 настай хүүгийн үеэл Мерав Мор Равив нар барьцаанд байхдаа зөвхөн пита талх (араб талх) л идэж, өдөр хоногийг өнгөрүүлж байжээ. Мундер болон түүний ээж нийт 6-8 кг турсан байна.

Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэл өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Израиль руу дайрсны улмаас 1200 орчим хүний ​​аминд хүрч, 250 гаруй хүнийг барьцаалсан.

Газын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Израилийн хариу цохилтын улмаас 37000 гаруй хүн амиа алдаж, хүмүүнлэгийн хямрал үүссэн байна. Газад хүнсний хомсдол үүсч, өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэл нэмэгдсээр байгаа аж.

НҮБ саяхан гаргасан тайландаа “Газын хүн амын тал хувь болох нэг сая гаруй хүн долдугаар сарын дундуур үхэл, өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна” гэж анхааруулжээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу