Нийслэлийн Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 17-р хорооны Засаг даргын ажлын албаны барилгыг өнөөдөр (2024.06.14) ашиглалтад хүлээн авлаа. 
Ашиглалтад хүлээн авах ёслолын үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, 17-р хорооны Засаг дарга Г.Даваацэцэг болон тус тус дүүргээс төрөн гарсан үе үеийн алдартнуудын төлөөлөл, ард иргэд оролцлоо.
Нийслэлийн жишиг хэмээн тодотгох учир нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг захиргааны албаны барилгын хэлбэр хийц, зохион байгуулалтаас бүрэн шинэчлэгдсэнээрээ онцлог болжээ.
Тус хороонд зургаан мянга гаруй иргэн оршин суудаг, дүүргийн алслагдсан бүс буюу зуслангийн бүсэд хамаарна. Төрийн үйлчилгээг авах шаардлагатай иргэдэд түгжрэлээс эхлээд маш их асуудал үүсдэг байсан тухай нээлтэд оролцогчид дурдаж байлаа. Харин одоо төрийн анхан шатны бүх үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж, тав тухтай, өнгө үзэмжтэй шинэ байртай болсонд иргэд сэтгэл хангалуун байлаа. 
Энэхүү барилга нь нийт 570 м2 газарт байрлах хоёр давхар, нийлэлд жишиг болсон хорооны Засаг даргын ажлын албаны цогцолбор байр юм. Гадна талбайд тусгай хэрэгцээт иргэдийн авто тээвэрт зориулсан болон задгай авто машины зогсоолыг шийджээ. Хашааны хаалгаар орохоос эхлээд тэгшилсэн ногоон зүлэг, өнгө өнгийн цэцэг угтах аж.
Барилга нь шинэ загвар зохион байгуулалт бүхий ажлын албаны зохион байгуулалттай бөгөөд Ахмадын зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Иргэний танхим, Хамтарсан багийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөтэй юм. Орчин үеийн загвар, шийдэл бүхий шинэ барилга ашиглалтад орохоос өмнө гурван жилийн хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.  

Ийнхүү Сүхбаатар дүүрэг төрийн анхан шатны үйлчилгээг нэг шат ахиулж иргэдэд илүү тав тухтай, түргэн шуурхай үйлчлэх боломжыг бүрдүүллээ.

 А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу