Нэгэн эмэгтэй цахим сүлжээнд цагдаа нар 5 настай хүүгийнх нь аавтай зөрчилдөх үеэрээ хүүг 108 төвд хүргэж, хүүхэд тэнд хоёр хонохдоо зодуулж биед нь гэмтэл учирсан талаар мэдээлсэн билээ. Уг асуудалд Цагдаагийн байгууллагаас тайлбар хийлээ. 

Тайлбарт, “Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 23:23 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт “Согтуу хүн агсам тавиад, зодоон хийгээд байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч чадваргүй, 25 орчим насны эрэгтэй хүн бага насны хүүхэд дагуулан явж байсан. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, оршин суугаа хаягийг тогтоох, ар гэртэй холбогдох ажиллагааг хийн, хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн.

Шалгалтын явцад 23 настай, эрэгтэй Н нь хүүхдийн төрсөн эцэг бөгөөд эрүүлжүүлэх байрнаас гарсны дараа 2023 оны гуравдугаар сарын 28-ны хүүхдийг төрсөн эцэг Н-д хүлээлгэн өгсөн. 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 21:50 цагийн үед хүүхдийн ээж болох Э нь “Хүүхдийг маань 108 төвд 2 хонуулах үед тэнд байсан том ах нарт зодуулсан байна” гэж гомдол гаргаж ирүүлснийг хүлээн авч, хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор мэргэжлийн байгууллагын шинжээч эмчийг томилон шалгаж байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу