Байгаль цаг уур эрс өөрчлөгдөж ган, зудын давтамж, гал түймэр, газар хөдлөлт, өвчин тахал зэрэг биднээс хол зүйлс дэргэд ирж, аюулын харанга дэлдэж эхлээд байна. Өнгөрөгч өвлийн зуднаар боодлын өвс 40 мянгад хүрч, шуудай хивэг 50 мянгаар зарагдсан. Оны өмнөхөн мянгат малчны шагналаа авсан Сүхбаатар аймгийн малчин залуу өнөөдөр гэрийнхээ гадна 100 хүрэхгүй хонь, ямаатай сууж байна. Ийм л хүнд өвлийг монголчууд давсан юм.

Гэтэл монголчууд бид өвсгүй биш өвстэй байсан юм байна. Түүнийгээ малчдад биш хятад руу экспортод гаргахаар Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод хэдэн км-ээр цувуулан овоолсон байж. Монгол Улсад өвөлжилт хүндэрсэн тул Шадар сайд С.Амарсайхан өвсний импортыг зогсоох шийдвэр гаргасан нь Бичигтийн боомтод 40 орчим мянган тонн өвс хуримтлагдах нөхцөл болжээ. Монгол Улсын хадлангийн гол бүс нутаг болох Дорнод, Сүхбаатар аймгийнхан өөрсдөө хүртэл хэдэн мянгаар нь малаа барж байхад нутгаас нь хадсан өвсийг нь хилийн боомт дагуу нуруулдан овоолж, хилээр гаргах Засгийн газрын тогтоол хүлээж байсан байгаа юм.

БНХАУ-ын Өмнөд Монголын иргэн Ижилээ, Сайнмөрөн нар нь 40 орчим мянган тонн өвс урд хөрш рүү гаргахаар Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод цуглуулсан байх юм. Боодолтой өвсийг Чинберри ХХК гэх компанийн нэр дээр экспортод гаргах хүсэлтээ ХХААХҮЯ-нд өгч, зөвшөөрлөө хүлээж байгаа гэх мэдээлэл бий. Засгийн газар нь малчдад туслах аян зарлаж, ард түмний дэмжлэг тусламж, олон улсын байгууллагын хандиваар өвлийг давж байхад Х.Болорчулуун сайд Бичигтийн боомтод цугласан тэр өвсийг нүдэн балай чих нь дүлий өнгөрүүлсэн талаар нутгийн иргэд бухимдангуй ярьж байна.

Тус Чинберри ХХК-ийг 2014 онд байгуулжээ. БНХАУ-ын Өмнөд Монголын иргэд Сайнмөрөн, Б.Мөнхзаяа, Д.Бат-Очир нар хувь эзэмшиж байсан бол Сайнмөрөн, Б.Мөнхзаяа нар нэрээ хасуулснаар Д.Бат-Очир тус компанийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэлтэй байгаа юм.

БНХАУ-ын иргэд нь Сүхбаатар аймгийн удирдлагуудад Мөрөн өөрийн туслахаар дамжуулан “ёндоо” өгсөн гэдэг хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа бололтой. Сүхбаатар аймгийн удирдлагууд анх 50 мянган га газар хадлан бэлтгэх зөвшөөрөл олгосноор өвсний үнэ хөөрөгдөж, ажиллах хүчний хомсдолд орсон гэх. Гол зохион байгуулагч нь Мөрөн болон Х.Болорчулуун сайдын дүү, Сүхбаатар аймгийн удирдлагууд гэх мэдээлэл бий.

Зудын “зовлон”-г давах гэж улсаараа туйлдаж байхад салбар хариуцсан сайд нь ийм хариуцлагагүй байж болох уу.

/Баримтыг дор хавсаргав/

Өмнөд Монголын иргэн Мөрөн

 

Р.ЖАРГАЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу