2024 оны УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ үед улс төрийн тогоонд халуун үйл явдлууд буцалж байна. Тухайлбал, өнгөрөгч Даваа гарагт сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, намууд тал талд сонгуулийн сурталчилгааны нээлтээ сүр дуулиантайгаар хийв. Нээлтийн дараагаас намуудын мөрийн хөтөлбөр олны сонирхлыг татаж байсан бол төд удалгүй нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг Авлигатай тэмцэх газраас ил болгосноор иргэдийн анхаарал тийш нь татагдав. Улс төрийн мэдээллүүд цахим сүлжээг бүрхэж буй энэ өдрүүдэд сэтгэл баясгам нэгэн үйл явдал болсон нь 14 мянган км замыг дугуйтай туулж, мөрөөдөлдөө хүрсэн Б.Очирваань эх орондоо ирсэн байв. Ингээд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛЛЭЭ 

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгаа 2024 оны зургаадугаар сарын 10-ны Даваа гарагт албан ёсоор эхэлж, нэр дэвшигчдэд үнэмлэх олголоо. Мөн УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөр олон нийтэд ил болоод байна. 

Нэр дэвшигчдийн мэдээллийг ЭНД, мөрий хөтөлбөрийн мэдээллийг ЭНД дарж уншина уу.

ЖИЛИЙН ӨМНӨ ГЭРЭЭСЭЭ ГАРСАН Б.ОЧИРВААНЬ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЧИХЭЭД ЭХ ОРОНДОО ЭРГЭН ИРЛЭЭ

Мөрөөдөлдөө хүрэхийн тулд 14000 км дугуйтай аялж, Английн Манчестер хотод хүрч чадсан Б.Очирваань эх орондоо ирлээ. 

Тэрбээр “Дэлхийн хамгийн гайхалтай цэнгэлдэх хүрээлэнд орж, өөрийнхөө мэдрэхийг хүссэн бүх зүйлээ мэдэрсэндээ баяртай байна. Нэг жилийн хугацаанд маш олон зүйл үзэж харж, мэдэрч суралцаж, өөрийгөө хөгжүүлж, сорьж, маш олон хүнээс урмын үг сонсож, их зүйлд суралцлаа. Нэг жилийн хугацаанд маш том боловсрол эзэмшлээ.

Олд Траффордод “Манчестер Юнайтед”-ийн дэмжигчид очоод хөлбөмбөг үзэж болно. Гэхдээ яг над шиг уулзсан хүн бараг байхгүй. Өөрийнхөө хамгийн их дэмждэг тоглогчтойгоо уулзаад, дээрээс нь тоглохыг хүсдэг байсан талбайдаа хөлбөмбөг тоглосондоо туйлын аз жаргалтай байна. Яагаад гэвэл тэр цэнгэлдэхэд хэр баргийн хүн тоглох боломжгүй. Дээрээс нь дэмжигчийн хувьд бол боломжгүй зүйл байсан. Тэр нь надад боломжтой болоод, нүдээ аниад төсөөлдөг байсан зүйлээ өөрийн биеэр мэдрэх үнэхээр гайхалтай байлаа. 

Би “Манчестер Юнайтед”-д очиж тоглохыг хүсдэг байсан. Энэ мөрөөдөл маань биелэх ганцхан арга нь тамирчин болох байсан. Биелүүлэх боломжгүй болсон учраас өөрийн хүч хөдөлмөрөөр өөрийн цаг хугацааг мэдрэхийг хүссэн. Энэ нь дугуй сонгоход нөлөөлсөн.

Бүх саад бэрхшээлийг өөрийн биеэр мэдэрсэн. Гэхдээ өдөр болгон өөрийнхөө мөрөөдөл рүү ойртож байгаа нь надад урам зориг болж байсан. Аяллын туршид орон орны маш олон гайхалтай хүмүүстэй уулзаж, учирсан. Тэр бүх хүмүүсээс маш их урам авч, өөрийнхөө мөрөөдлийн үнэ цэнийг илүү их мэдэрч байсан.

Тэдгээр хүмүүс мөрөөдөлдөө хүрэхэд минь урам зориг өгч байсан. Тиймээс хэцүү бүхэн хэцүү санагдаагүй. Харин ч илүү сонирхолтой, өдөр бүхэн шинэ хүмүүстэй танилцаад, шинэ газар үзээд, шинэ сорилтуудтай нүүр тулаад, адал явдалтай байсан. 

Энэ аяллын турш гэр бүлээс гадна уулзаж учирсан бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би аяллынхаа туршид маш олон газрын дугуйны соёлыг судалж ирсэн. Тэгэхээр өөрийнхөө хотод ирж багахан ч гэсэн нөлөө үзүүлэхийг хүсэж байна. 

Энэ бол миний мөрөөдлийг нээх түлхүүр байсан. Надад цаашдаа маш олон боломж нээгдсэн. Тиймээс ирээдүйд бүр илүү гайхалтай зүйлсийг хийхийг хичээх болно. Тэгэхээр залуучуудад хандаж “том мөрөөдөж, няцахгүйгээр ямар нэгэн арга замыг олоод, өөрийн мөрөөдлөө биелүүлээрэй” гэж хүсье. 

Би ч гэсэн маш олон оролдлого хийж, тууштай байсны хүчинд мөрөөдлөө биелүүлсэн. Тэгэхээр тууштай оролдлого хийвэл хэзээ нэгэн цагт мөрөөдлөө биелүүлэх арга замаа олно гэж бодож байна” хэмээв. 

ЛАОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТОНГЛУН СИСҮЛИТ МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны зургаадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ.

Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Лаос Улс нь эртний түүхэн хэлхээ холбоотой, өв соёлын уламжлалтай, найрсаг дотно харилцаатай орнууд гэдгийг онцоллоо.

БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд 17 жилийн дараа болж байгаа айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

УИХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨЖ БУЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ИЛ БОЛГОЛОО

2024 оны УИХ-ын сонгуульд 12 тойрогт 1336 нэр дэвшигч өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад буй. Эдгээр нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас ил болголоо. 

Dobu.mn мэдээллийн сайт нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэсэн билээ. Мэдээллийг ЭНД дарж унших боломжтой. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу