УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн (2023.03.31) хуралдаанаар “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ипотекийн зээлийн талаар тодруулахад Монголбанкнаас дараах хариултыг өглөө.

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “2020 онд батлагдсан Ковидын хуулийн дагуу Төв банк сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ асуудал дээр оролцоод явж байсан. Энэ хүрээнд 2021 онд нэг их наяд, 2022 онд 700 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олгосон. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр Ковидын хууль хүчингүй болсонтой холбогдуулан Төв банк ипотекийн зээлийн хөтөлбөрт санхүүжилт олгохоо зогсоосон. Одоогийн байдлаар арилжааны банкууд эргэн төлөлтөөрөө санхүүжүүлж байна.

Ипотекийн зээлийн 20 орчим хувь нь орон нутагт олгогддог. Энэ жилийн хувьд орон нутагт шилжин суурьшсан болон орон нутагт амьдарч байгаа иргэдэд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно. Урьдчилгаа төлбөрийн 30 хувьд зээлийн батлан даалтын сан орж ирж байгаа. Мөн зээлийн хүүгийн татаасыг суулгаж өгсөн.  Тэгэхээр ипотекийн зээлийн хөтөлбөр орон нутаг руу илүү чиглэгдэнэ.

Төв банкны зүгээс энэ оны хоёрдугаар улиралд багтаагаад ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр Сангийн яам, БХБЯ-тай хамтран ажиллаж байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу