Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б МАН-ын ухуулагчийн гарт амиа алдсан гэх мэдээлэл гараад байна. 

Уг хэргийн талаар ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө. 

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “2024 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 03:20 цагийн орчимд  Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний утсанд “Өвөрхангай аймгийн Сант сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүн нас барлаа” гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлага, мэдээллийн дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүн Сант суманд очиж, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна. Уг ажиллагааны хүрээнд Сант сумын АН-ын даргаар ажилладаг иргэн Б нь бусдад зодуулсны улмаас нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.  

Хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн О, хохирогч иргэн Б-г хүзүүн тус газар нь цохиж, түүний улмаас нас барсан гэх мэдээлэл байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд иргэн О-гийн согтуурлыг зэргийг итгэмжлэгдсэн багажаар шалгахад 1.28 хувийн согтолттой, амь хохирогч Б нь эрүүл байсан тогтоогдсон.

Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа иргэн О нь тус сумын гуравдугаар багт оршин суудаг хүн байсан. Шалгалтын явцад иргэн О ухуулагчийн үнэмлэх авсан нь тогтоогдсон бөгөөд хэн гэдэг нэр дэвшигчийн ухуулагчаар ажиллахаар бүртгүүлсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд бүхий л үйл ажиллагааг явуулж байна.

Уг хэргийг шуурхай, шударгаар шалгаж шийднэ” гэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу