Йемений “Ансар Аллах” хөдөлгөөний босогчид Америкийн сөнөөгч онгоц болон “Captain Paris”, “Happy Condor” гэсэн хоёр худалдааны хөлөг онгоц руу дайрчээ. Энэ тухай тус радикал бүлэглэлийн цэргийн төлөөлөгч Яхья Сариа өөрийн эзэмшдэг “Al Masirah” телевизийн сувгаар дамжуулан мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, хуситууд Улаан тэнгист Америкийн сөнөөгч онгоц руу баллистик пуужингаар довтолжээ. Сариа “Газрын тос тээвэрлэдэг ‘Captain Paris’ руу усан онгоц эсэргүүцэх пуужингаар, Арабын тэнгист, шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэдэг “Happy Condor” хөлөг онгоц руу нисгэгчгүй онгоцоор тус тус халдсан” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр “Худалдааны хөлөг онгоцууд руу халдлага үйлдсэн нь “эзлэгдсэн Палестины боомт руу нэвтрэхийг хориглосон заалтыг зөрчсөнтэй холбоотой” гэж онцолжээ.  Босогчдын төлөөлөгч “Дээрх гурван ажиллагаа бүгд зорилгодоо амжилттай хүрсэн” гэж нэмж хэлсэн байна.

Газын зурвас дахь мөргөлдөөн хурцадсаны дараа “Ансар Аллах” Израиль руу пуужингаар довтолж, Палестин дахь ажиллагаа зогсох хүртэл холбогдох хөлөг онгоцуудыг Улаан тэнгис болон Баб аль-Мандебын хоолойгоор нэвтрүүлэхгүйгээ анхааруулсан байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш хуситууд Улаан тэнгис болон Адены буланд олон арван хөлөг онгоц руу дайрч, халдлага үйлджээ.

“Ансар Аллах”-ын халдлагын хариуд Америкийн эрх баригчид олон улсын эвсэл байгуулж, Улаан тэнгист хөлөг онгоцууд чөлөөтэй зорчих, тэдгээрийг хамгаалах зорилгоор “Prosperity Guardian” ажиллагааг эхлүүлснээ зарласан байна.

Их Британи, АНУ-ын зэвсэгт хүчин Йемен дэх босогчдын цэргийн объектуудад тогтмол цохилт өгч байгаа ажээ.

Эх сурвалж: AL MASIRAH
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу