Залууст юу хэрэгтэй вэ. Чамирхал үгүй эрх чөлөө, энгийн оршихуй ч байж болно. Эд хөрөнгө, элдэв хээнцэрлэл, хэн нэгэнд харагдах, тоогдох хүсэл огт биш. Өнөө үеийн нэгэн сайхан зүйл нь залуус хэзээ ч ямар нэгэн зүйлд сайхан харагдаж, олныг дагах гэж хичээхээ больсон юм шиг санагддаг.
Өнгөрсөн Лхагва гарагт ийм л эрх чөлөөт залуусын сэдэж, сийлсэн нэгэн бүтээлийг сонирхлоо. Гудамжны театрыг энэ бидний хөрсөнд соёолуулж, түүнийгээ цаашид ч арчлахаар зориг шулуудсан шинэхэн уран бүтээлчид Дионос хэмээх театрыг байгуулжээ. Шинэхэн найруулагч Б.Тэмүүлэн уран бүтээлийнхээ анхны алхмыг ийнхүү шийдэмгий тавьж байна.
Тэрбээр “Хэн ч намайг хөтлөөд амжилтад хүргэхгүй. Би өөрөө хүрэх ёстой учраас анхнаас нь өөрөө бүх зүйлийг туулмаар санагдсан” хэмээн ярьсан юм. Үнэхээр л өмнөх тоглолтуудын туршлага, олон нийтийн сэтгэгдэл, санал шүүмжийг нэвт тусгаж аваад, өөрийнхөөрөө болгож найруулсан нь мэдрэгдэж байсан юм. Анхны уран бүтээл “Нүцгэн хурим” жүжиг нийслэл хотын нэгэн уушийн газарт, тэр тусмаа доод давхрын жижигхэн өрөөнд болох аж.
Зургаадугаар сарын 12. Улиасны унгарил хийссэн өнөөх л Улаанбаатар хот яг л байдгаараа хүмүүсийн цуваанд дарагдана. Бидний өдөр хоногууд ч ийм л дүр зурагтайгаар өнгөрөн одсоор буй. Харин дунд нь хэсэгхэн амсхийж, ямар нэгэн зүйлийг тогтон харах хүсэл хэн бүхэнд бий.
Сүүлийн хэдэн сар хоёр тийш болсон харилцааныхаа тухай хэн нэгэнтэй олигтой үг дуугарч чадахгүй хэдэн сар болсон байлаа гэж бодъё. Тэглээ гээд хүнтэй хуваалцана гэхэд нэг их зөвлөгөө, урмын үгсээр булуулаад, эсвэл хэнд ч хэлж чадахгүй жаахан сууж байгаад л таарах байх. Өөртөө хэлж, ойлгуулж, толгой дохиод л өнгөрнө. Нийгэм тэр аяараа улиасны унгирал шиг асуудлууддаа төөрч, нэвчиж байгааг бид ч анзаарах аа бүр больж дээ.
Бидний дунд нь төөрөөд бүр тоохоо ч больчихсон өнөөх асуудлуудыг Дионис театрын залуус гаргаж ирээд, бүгдийнх нь өмнө дэлгэж чадсан тухай богинохон тэмдэглэснийг хүргэж байна.
Жүжгийг зөвхөн театрт үзэх шаардлагагүй
Театрт биднийг угтдаг улаан хөшиг, шар гэрлүүд, болор унжуургатай том танхимын бүгчим агаар, хээнцэр хувцасласан бүсгүйчүүдээс залхах үе тохиолдож байсан уу. Яах вэ, хэн нэгэн нь уйдсан гээд нийтээр нь үзэхээ боль гэх гэсэн хэрэг биш. Чухам асуудыг заавал тэр том чигээр нь тайзан дээрээс уйдталаа үзэж суух нь танд таарахгүй байж болно. 
Бас зуун жүжгийн гол дүр бүтээхийг нь үзсэн нөгөө жүжигчнээ дахиад өөр дүрд хэрхэн дасаж байгааг харахаас залхаж байж болно. Энэ бүгдэд залуус хариулт өгөхийн зэрэгцээ өөрсдийгөө харуулахыг тэгж их хүсэж, яараагүй юм. 
Уушийн газрын гадна ганц нэг хундага татсан эрчүүд тамхи уугиулж харагдана. Зарим нь юу ч юм, хэнд ч юм хэлэх гээд зориг орж буй мэт ширээ түшиж зогсоно. Дотогш орж, хүнгүй заал дундуур явж, шатаар доош буулаа.
Нарийн шатаар 20 орчим алхан бууж, жижигхэн тайзны хажуугаар өнгөрөөд, үзэгчдийн суудалд суух боломжтой. Доод давхрын уушийн газарт нэг их олон ширээ сандал байхгүй нь мэдээж. Хачирхалтай ньн тайз яг өмнө минь, шат яг хажууд, мөн уух зүйл захиалах меню ч энд байлаа. Тухтай юм. Улаан хамбан бүтээлэгтэй, түшлэгтэй сандал бус, жижигхэн зөөлөн буйданд шигдээд, ганц нэг хундага дарс шимж болох нь. Цаг харах хүсэл төрөхгүй бөгөөд цонх ч байхгүйг анзаарлаа.
Удалгүй жүжиг эхэлж хөшиг нээгдлээ. Уламжлалт театрын жүжгийн өнөөх л хүлээлт дотор байсан бололтой, нэг л өөрөөр хүлээж авсан юм. Хажуугийн шатнаас зочид бууж ирэн, дотогш орцгоож, хоорондоо инээж ханиан ярилцах нь тодоос тод сонсогдох бөгөөд тайз биш ердөө л хэдхэн алхмын урд жүжиглэнэ.
Микрофон энэ удаад ашиглалтаас бүрмөсөн гарсан бололтой. Тайзны гэрэлтүүлэг ч гэж нэг их сүртэй зүйлгүй. Гэхдээ таарсан хэмжээнд үзэгдэл, утга агуулгад тааруулан цэнхэр, улаан шар гэрлүүд ээлжлэн асаад, даруй харанхуй болно. 
Энэ удаад шинээр тоглогдож буй “Нүцгэн хурим” жүжгийн үйл явдал, агуулгыг энд дурдахаас татгалзаж, зүгээр л шинэ зүйлийг хэрхэн мэдэрснээ буулгахыг зорилоо.
Жүжигчдийн тоглох орон зай бол эл уушийн газар тэр чигтээ байлаа. Үзэгчдийн суух хэсэг ч, шат ч, цаад жижиг өрөөнүүд ч бүгд тайз гэлтэй. Та шүтэн биширдэг жүжигчнээ насан туршдаа зөвхөн тайзан дээрээс харсан байж болно.
Харин энд яг өмнө тань уйлж, энхрийгээр дуулж байдаг аж. Алхмын өмнө жүжигчний амьсгал сонсогдож, эргэн тойрон үйл явдал өрнөөд эхлэхээр тухайн үйл явдалд зүүдэлж байгаа юм шиг ороод явчихдаг бололтой. 
Дэргэд ирээд ярилцах хосуудын амьсгаадах чимээ, сандрал зэргийг анзаараад “Хөөрхийс, ингээд л санаа зовоод байж. Одоо яадаг бол” гэх бодол төрнө. Улмаар дараагийн үйл явдал хэрхэхийг мэдэхээр урагш хойш эргэж харах ч хундага дарсаа хөдөлгөөнгүй тавьсан жижиг ширээтэй тул тэрүүхэндээ тухтай. 
Найзтайгаа ярилцах гээд байсан асуудлыг маань энд үзүүлж байлаа. Эсвэл хосууд нэгэндээ ойлгуулах гээд чадалгүй, түүндээ улам дасаад л яваад байсан өнөөх үнэн худал, баян хоосны тухай асуудал. Сэрүүхэн жижиг өрөөнд тэдний инээд, нулимстай цуг дэргэд нь сууж үзсэн жүжгээс өөрсдийгөө, өөрсдийн бүтээсэн зүйлээ тод томруун гэгч нь мэдрээд гарч буй хүн олон бололтой.
Уйдах газар, орон зай энд огт алга. Залуус театрын жүжгийг уйтгартай, нэг хэвийн гэж боддог. Угтаа ном уншихтай адилхан зүйл мэт. “Динонис” театрын залуус авсаархан номын хавтас шиг сэтгэж, үйл явдал, уран төсөөлөлдөө гүн автуулж байсан юм. 
Эргээд жүжгийн турш инээж, бодолд орж, сонирхож, дэргэд ирснийг нь ажиглаж байснаа санахаар хоёр цагийн жүжгийг түүртэлгүй үзчихсэн байгаа юм. Үргэлжлүүлэн зааланд сууж, эргэн тойрноо ажихуйд сэтгэл хангалуун гарч одох хүн олныг харж болно. Тэр тусмаа залуусыг. Хамгийн энгийнээр үзүүлсэн үйл явдлын тухай биш юмаа гэхэд үгүйлэгдэж байсан яг л ийм орон зайг тэд ярилцсаар гарч одно.
Номын хавтас дотроос гарч ирсэн мэт инээвхийлээд, эргэн тойрноо харвал унгирал хийссэн Улаанбаатар хот өнөөх л хэвээрээ дүнхийнэ. Эцэст нь гэж хэлэхэд, залууст үгүйлэгдэж буй орон зай бол “Нүцгэн хурим”. Өдөр бүр тохиолдож, эрээ цээр нь алдагдсан бүх зүйлийг үнэн төрхөөрөө байгаасай гэх хүсэл. 

“Үнэн мөнх настай. Худал хоногийн настай”. Харин бид насан туршдаа худлыг өмссөөр үгүйрэх нь бий.

А.БАЯР

1 сэтгэгдэл

  1. Заваан бөгчим архи тамхитай харанхуй орчинд ямар ч гэгээ бхгүй газарыг хаах ёстой!!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу