Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд  үргэлжиллээ. Энэ үеэр “Шарын гол” ХХК-ийн асуудлыг хэлэлцэв.

Шинжээч: “Шарын гол” ХХК-тай холбоотой зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тус компани Дарханд байрших Буянтын хөндийн адаг гэдэг газар алтны шороон ордыг ашиглах хүсэлт гаргаж, Хөгжлийн банкнаас 264 сая иенийн зээл авсан. Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани. Зээл олгох үеэр 1040 хувь эзэмшигчтэй, таван хувиас дээш эзэмшигч зургаа байсан. Зээлийн гэрээг жилийн 7.05 хувийн хүүтэйгээр зургаан сарын хугацаанд хэрэгжихээр байгуулсан. Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар зээлийг бүрэн төлж хаасан байна. 

Тухайн үед Хөгжлийн банкны Эрсдэлийн албанаас зээлдэгч нүүрсний олборлолтоос алдагдалтай ажилладаг, тоног төхөөрөмжий гэрээ хийгээгүй, нэг тонн нүүрсийг 36.5 мянган төгрөгөөр борлуулж, алтны орлогын 50 хувийг зардал байхаар тооцоход 2018 оны нэгдүгээр сард мөнгөн хөрөнгийн дутагдалд орж, зээлээ төлж чадахгүй гэж дүгнэж байсан. Гэвч зээлийг олгосон байдаг.

Зээлийн санхүүжилтээс нийт 4 тэрбум төгрөгийг “Хэрлэн онон туул” ББСБ-д шилжүүлж, зориулалтын бусаар зарцуулсан.

Нийт 10 гэрч дуудсанаас гурав нь удирдлага, ТУЗ-ийн дарга Г.Хулан гадаадад явж байгаа гэсэн бол Б.Батбаатар, Ж.Эрдэмбилэг оролцох боломжгүй гэдэг хариултыг өгсөн. Хөгжлийн банкны удирдлагуудаас долоон гэрчийг дуудсанаас зургаан хүн нь ирээгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Гэрчээр оролцох ёстой ТУЗ-ийн дарга нар ирсэнгүй. “Шарын гол” ХХК-ийн захирал Б.Батбаатар, Ж.Эрдэмбилэг нар “Хэрлэн онон туул” ББСБ-д хувьцаа эзэмшдэг. Тиймээс Хөгжлийн банкнаас авсан зээлээс дөрвөн тэрбумыг ББСБ-ын дансаар дамжсан талаар холбогдох этгээдүүд байхгүй байна. Тиймээс нотлох баримтыг танилцуулаад дуусгана. Тус компанийн үүсгэн байгуулагчдыг танилцуулъя. ТУЗ-ийн дарга Г.Хулан Тагнуулын дарга асан Д.Гэрэлийн охин. Улс төрд нөлөө бүхий этгээдийн хамааралтай. ТУЗ-ийн гишүүн Б.Батбаатар нь “МNB” кредит компанийн өмчлөгч. Энэ нь “Хэрлэн онон туул” ББСБ-ын 100 хувь хувьцаа эзэмшигч. ТУЗ-ийн гишүүн Ж.Эрдэмбилэг “Говь караван” ХХК-ийн гүйцэтгэх захирал. Тэрбээр 100 хувь эзэмшдэг. 

Хөгжлийн банкнаас “Шарын гол” компанийн 4669… дансанд 3.5 тэрбум төгрөгийг 2018 оны наймдугаар сарын 13-нд зээлийн гэрээнд заасны дагуу “Говь караван” ХХК-иас тоног төхөөрөмж худалдан авах гэрээг үндэслэн, 540 сая төгрөгийг 2018 оны наймдугаар сарын 14-нд гээд нийт 4 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь энэ дансандаа 70 сая төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр хоорондоо шилжүүлж, “Шарын гол” ХХК-ийн дансанд 943 сая төгрөгийг хоёр удаа шилжүүлсэн байгаа.

Тус компани Хөгжлийн банк болон “Говь караван” компаниас зээлийн эх үүсвэрээс шилжүүлсэн 4 тэрбум төгрөг болон харилцах дансанд байсан үлдэгдлийн хамт нийт 9.5 тэрбумыг зээлийг эргэн төлөлт гэсэн утгатайгаар ББСБ-руу наймдугаар сарын 16-нд шилжүүлсэн. Нэгэнт ББСБ руу мөнгө шилжүүлж, мөнгө угаалтын шинж байдаг.