“Ногоон” автобусны худалдан авах ажиллагаатай холбоотой УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр (2024.06.17)-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Шүүх хуралдаан өнгөрсөн тавдугаар сарын 20-нд болох байсан ч шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Сануулахад, прокуророос “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх уг хэрэгт:

  • Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
  • 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/,
  • 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Тус хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүн холбогдоод байгаа юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу