Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, Шадар сайд С.Амарсайхан тавын даваан өвдөг шороодсон бөхчүүдэд шинээр улсын цол чимгийг өнөөдөр (2024.06.17) гардуулан өглөө. Үүнд:

  • Тавын даваанд өвдөг шороодсон Ховд аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин,
  • Зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Э.Даш улсын харцага,
  • Долоогийн даваанд унасан Архангай аймгийн арслан С.Сүхбат улсын заан,
  • Наймын даваанд унасан улсын аварга О.Хангай Үлэмж бадрах чимэг,
  • Есийн даваанд унасан улсын харцага Ц.Бямба-Отгон улсын арслан цолыг тус тус нөхөн олголоо.

“МОНГОЛ БӨХИЙН ДЭВЖЭЭ БУЛХАЙ, БУДИЛААН, НАЙМАА, НАЙРААНЫ, БҮР НАНЧИЛДААНЫ ТАЛБАР Ч БОЛЖ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА”

Шадар сайд С.АМАРСАЙХАН: 

-Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны санал дүгнэлтийг үндэслэн тавын даваанаас хойш түүний давсан бөхчүүдэд шинээр цол олгох зарлигийг Ерөнхийлөгч гаргаж, миний бие өнөөдөр гардууллаа.

Монгол бөхийн дэвжээ булхайны, будилааны, наймааны, найрааны бүр нанчилдааны талбар ч болж болзошгүй эрсдэлтэй байна. Монгол бөхийн дэвжээ ариун байх ёстой. Энэ их спортын дэвжээ найрааны, наймааны, допингийн байх эрхгүй бөгөөд боломжгүй гэдгийг Монголын ард түмний мянга мянган жилийн түүх гэрчилж, өвлүүлэн хадгалж, ариун нандин авч явахыг бидэнд даатгасан.

“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ МААНЬ ЁС БУС ҮЙЛДЛЭЭР БИТГИЙ СЭВТЭЭСЭЙ”

Улсын аварга О.ХАНГАЙ:

-Өнгөрсөн жилийн баяр наадмын наймын даваанд барилдсан бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн учраас намайг найм давсанд тооцож, Үлэмж бадрах чимгээ нөхөж авлаа. Цаашдаа Монголын үндэсний өв соёл маань ёс бус үйлдлээр битгий сэвтээсэй гэж хүсч байна.

Ер нь үндэсний өв соёл болох эрийн гурван наадам бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааны нэг хэсэг. Магадгүй бид хэдэн зуун жилийн дараа ч энэ өв соёлоороо бахархаж, бусад орноос ялгарна гэж ойлгож буй. Энэ асуудал хэдэн бөхчүүдийн асуудал биш. Баяр наадмын тухай хуулийн дагуу шийддэг газар нь шийдэж, бөхчүүд цол чимгээ нөхөж авч байна.

“БӨХЧҮҮДЭЭС ХАВАР, НАМАРТАА ШИНЖИЛГЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ”

Улсын арслан Ц.БЯМБА-ОТГОН:

-Төр засгийн шийдвэрээр улсын цолоо нөхөн авлаа. Сайхан байна. Наадмаар давж цол авсан бол сайхан байх байсан. Үндэсний бөхийг муухай харагдуулж байгаа зүйл бол допинг. Энэ асуудлыг ихэнх бөхчүүд эсэргүүцдэг. Олны дунд янз бүрийн яриа гарсан учраас анх допингийн шинжилгээ өгч байгаа залуус айдастай, хүндрэлтэй байдаг.

Би гурван удаа шинжилгээ өгсөн. Анхны шинжилгээ сайн гарсан учраас сүүлийн хоёр шинжилгээндээ итгэлтэй болсон. МОНАДА-гийн үйл ажиллагаа хэвийн байна. Энэ онд 80-90 шинжилгээ авсан юм билээ.

Ер нь допингийн шинжилгээнд итгэлтэй байдаг. Би үндэсний бөхийн холбоонд явцын шинжилгээ авах талаар хүсэлт өгсөн. Энэ жилийн хувьд бөхчүүдээс явцын шинжилгээ авсангүй. Энэ нь үндэсний их баяр наадамд дээгүүр даваанд барилдсан бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрэхээс сэргийлнэ.

Уг нь хавар, намартай явцын шинжилгээ аваад явчихвал баяр наадамд дээгүүр барилдах бөхчүүд хангалттай хамрагдана. Энэ байгууллага бөхчүүдээс явцын шинжилгээ авсангүй.

Үндэсний баяр наадамд барилдсан бөхчүүдээс допинг илрэх магадлалтай. Уг нь хавар, намартаа шинжилгээ авах хэрэгтэй. Миний хувьд өнөөдрөөс наадмын бэлтгэлдээ гарч байна. Улсын арслан цолыг нэг их хүсэж хүлээсэнгүй.

А.БАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу