БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд “Бээжингийн Зам харилцааны их сургууль”-ийн бакалаврын сургалтад нийт 20 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулах юм байна.

Тэтгэлгийн хэлбэр: Cургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.

ОЮУТНЫ БАЙРНЫ ТӨЛБӨР, АМЬЖИРГААНЫ ЗАРДАЛ, ТЭЭВРИЙН ЗАРДАЛ БОЛОН БУСАД ЗАРДЛЫГ СУРАЛЦАГЧ ӨӨРӨӨ ХАРИУЦНА.

Эхний жил хятад хэлний бэлтгэлд БНХАУ-ын Чанчун хотод суралцана. Хэлний бэлтгэл төгссөн оюутан Хятад хэлний HSK шалгалтын 5 болон түүнээс дээш оноог авсан тохиолдолд дараагийн жилээс Бээжингийн зам харилцааны их сургуульд сонгосон мэргэжлээр суралцана. (Нийт 5 жилийн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө)

*Хэлний бэлтгэл 1 жил – 22.000 юань, үндсэн бакалаврын хөтөлбөр 4 жил – 99,200 юань, нийт 121.200 юань чөлөөлнө.

Нэг. Мэргэжлийн чиглэл

1.1. Төмөр замын тээврийн удирдлага

Хөтөлбөрийн зорилго

Төмөр замын тээврийн сүлжээний төлөвлөлт, хүчин чадлын хуваарилалт, тээвэр зохион байгуулалтыг өндөр түвшинд хийх чадвартай төмөр замын инженер бэлтгэх

1.2. Тээвэр зохион байгуулалтын инженер

Хөтөлбөрийн зорилго

Тээврийн инженерчлэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадвартай инженерийн болон удирдах түвшний мэргэжилтэн бэлтгэх

1.3. Авто зам, гүүрийн инженер

Хөтөлбөрийн зорилго

Барилга, зам гүүрийн барилгын салбарт зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, удирдан явуулах чадвар бүхий инженер болон удирдах ажилтан бэлтгэх

Хоёр. Тавигдах шаардлага, хамрах хүрээ

2.1 Тэтгэлэгт хамрагдах суралцагч 18 нас хүрсэн байх,
2.2 Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийг 80 ба түүнээс дээш дундаж оноотой суралцаж төгссөн төгсөгчид /Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байх шаардлагатай/ хамрагдана.
2.3 Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан;
2.4 БНХАУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан;
2.5 БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэлд амжилттай суралцаж төгссөн, хятад хэдний HSK шалгалтын 5 болон түүнээс дээш оноотой суралцагч;

Гурав. Анхан шатны бүртгэлд бүрдүүлэх баримт бичиг

3.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон БНХАУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд суралцагчид:
Цахим өргөдөл; /Өөрийн болон эцэг эхийн утасны дугаар, цахим шуудангийн хаяг тодорхой тавьсан байх/
Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
Сүүлийн жилийн дүнгийн хуулбар /голч дүнтэй/;
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Хятад хэлний HSK шалгалтын 5 ба түүнээс дээш онооны гэрчилгээний хуулбар /хэрвээ байгаа бол/
3.2. БНХАУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл анги төгсөгчид:
Цахим өргөдөл; /Өөрийн болон эцэг эхийн утасны дугаар, цахим шуудангийн хаяг тодорхой тавьсан байх/
Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний хуулбар, дүнгийн тодорхойлолт;
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Хятад хэлний HSK шалгалтын 5 ба түүнээс дээш онооны гэрчилгээний хуулбар

3.3. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид:
Цахим өргөдөл; /Өөрийн болон эцэг эхийн утасны дугаар, цахим шуудангийн хаяг тодорхой тавьсан байх/
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Иргэний үнэмлэхийн хуулбар;

Дөрөв. Бүртгэл

4.1 Зам,тээврийн хөгжлийн яамны www.erthub.mn сайтаар 2024 оны 06 дугаар сарын 12-ны 12.00 цагаас 06 дугаар сарын 26-ны өдрийн 12.00 цаг хүртэл бүртгүүлж дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул аль болох эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд 51-263171 дугаар утсаар холбогдож авна.

Тав. Сонгон шалгаруулалт, элсэлтийн үе шат

5.1 Анхан шатны сонгон шалгаруулалтыг дараах 2 хэсэгт хуваан дүгнэнэ. Үүнд:

5.1.1 Баримт бичгийн бүрдүүлэлт – Баримт бичгийг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэн эсэх, тавигдах шаардлагыг хангасан эсэхийг хянана.

5.1.2 Ярилцлагын шалгалт – Бээжингийн Зам харилцааны их сургуулийн шалгалтын комисс ярилцлагын шалгалтыг авна. Шалгалтын комиссын гишүүдээс тавьсан асуултад оновчтой, тодорхой хариулсан байдал, суралцахаар сонгосон мэргэжлийн хүрээнд судалгаа хийсэн байдал болон шалгалтад оролцогчийн хандлага, бусадтай харилцах харилцааны ур чадвар бусад ерөнхий үнэлгээ зэргийг үнэлнэ. /Ярилцлагыг Монгол хэл дээр онлайнаар авна/

Ярилцлагын шалгалт авах хугацаа: 2024 оны 06 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд авна. Онлайнаар ярилцлага авах тул баримт бичгийн бүрдүүлэлт шаардлага хангасан сурагчидтай холбогдон ярилцлагын линк болон шалгалт авах цагийг урьдчилан мэдэгдэнэ.

5.1.3 Ярилцлагын шалгалтын оноог 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны www.erthub.mn цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтын дүнгээр эрэмбэлж жагсаана.

5.1.4 Ярилцлагын шалгалтыг Бээжингийн зам, харилцааны их сургуулийн багш нараас бүрдсэн шалгалтын комисс авна. /Зам, тээврийн хөгжлийн яамнаас оролцохгүй/

5.2 Сонгон шалгаруулалтад тэнцсэн суралцагчдыг Бээжингийн зам, харилцааны их сургуульд бүртгэх явц дараах 3 шатлалтай байна. Үүнд:

5.2.1 Сонгон шалгаруулалтад тэнцсэн суралцагчид 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 24:00 цагаас өмнө Бээжингийн зам, харилцааны их сургуулийн системд бүртгүүлж материалаа цахимаар илгээнэ, /англи хэл дээр/
Дараах материалуудыг илгээнэ. Үүнд:

Гадаад паспортын хуулбар. Хүчинтэй хугацаа 2025 оны 03 дугаар сарын 01-нээс хойш байх
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Суралцах төлөвлөгөө эсээ. 200-аас дээш үгтэй, хятад эсхүл англи хэлээр байх

Товч намтар

Хятадын хэлний HSK шалгалтын гэрчилгээний хуулбар /хэрвээ байгаа бол/
Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, сүүлийн 3 сар дотор хийлгэсэн байх
Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай тодорхойлолт.

Санхүүгийн тодорхойлолт. Сүүлийн 1 сарын дансны хуулга, үлдэгдэл 20 мянган юаниас багагүй байх. /эцэг, эх, өөрийн дансанд аль нь ч байж болно/

5.2.2 2024 оны 08 дугаар сард багтан сургуулиас урилга эх хувиар илгээнэ. JW202 маягтыг суралцагчийн цахим хуудаст илгээнэ.

5.2.3 Дээрх 2 баримт бичиг ирсний дараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд 08 дугаар сард багтаан виз мэдүүлнэ.

5.2.3 Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн суралцагч 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө сургуульдаа очиж, хичээлдээ орно.

Зургаа. Элсэлтийн шалгалттай холбоотой гомдол, хариуцлага

6.1 Шалгалтын комисс зөвхөн Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн багш, албан хаагчдаас бүрдэх бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яам зөвхөн элсэгчдийн материалыг тогтоосон цагт бүртгэн, шалгалтын комисст танилцуулах үүрэгтэй. Сонгон шалгаруулалтад Зам, тээврийн хөгжлийн яам оролцохгүй бөгөөд шийдвэрийг Бээжингийн Зам харилцааны их сургуулийн шалгалтын комисс бие даан гаргана.

6.2 Шалгалтын дүн, шалгалттай холбоотой бусад асуудлаарх гомдлыг шалгалтын явцад болон нэгдсэн дүнг зарласнаас хойш 24 цагийн дотор Шалгалтын комисст хандаж гаргах бөгөөд Шалгалтын комисс хянан үзэж, хариу өгнө. Дурдсан хугацаа өнгөрснөөс хойш гомдлыг хүлээн авахгүй.

6.3 Баримт бичиг дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн, хугацаандаа ирүүлээгүй суралцагчдыг шалгалтад оруулахгүй.

*Ирээдүйд гарах үл ойлголцлоос урьдчилан сэргийлэх үүднээс дээрх шаардлага болон, олгох тэтгэлгийн талаарх мэдээлэлтэй сайтар танилцана уу.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу