ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Лудупова энэ оны хоёрдугаар сард манай улсад айлчлал хийхдээ Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллахаар тохиролцжээ.

Энэ хүрээнд ОХУ-ын Буриад улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд УНТЭ-т суралцаж, туршлага судлахаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т ирсэн байна. УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал өнөөдөр (2024.06.17) Буриад улсын эмч нарыг хүлээн авч уулзан, амжилт хүсчээ.

Буриад эмч нарын багт мэдээгүйжүүлэг, ерөнхий мэс засал, хэвлийн хөндийн эхо, ходоод гэдэсний дуран, гастроэнтерологийн зэрэг чиглэлийн долоон эмч, эмнэлгийн мэргэжилтэн багтаж байна.

ОХУ-ын Буриад улс бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж эхэлж байгаа бөгөөд буриад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр 14 хоногийн хугацаатай суралцаж, туршлага судлах ажээ.

Энэ удаагийн сургалт УНТЭ-ийн хувьд олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмнэлэг дээрээ хүлээн авч, сургаж буй хоёр дахь удаагийн сургалт юм байна. Энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар УНТЭ-т ирж, нэг сарын хугацаатай суралцаж, амжилттай төгсчээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу