ХБНГУ-ын парламентын “Германы төлөө Альтернатив” (AfD) намын гишүүн Штеффен Котре “РИА Новости” агентлагт ярилцлага өгөхдөө “Швейцарьт болсон Украины асуудлаарх бага хурал Орос улс оролцоогүй тул ямар ч үр дүнд хүрсэнгүй” гэж ярьжээ.

Котр “АНУ болон түүний холбоотнууд Украиныг дэмжиж, зэвсэг нийлүүлэх болно гэж дахин дахин баталж байгаа тул бага хурал ямар ч үр дүнд хүрсэнгүй. Владимир Зеленский түншүүдийнхээ амлалтад найдан, Оросыг ялах боломжтой гэж дахин зарлаж буй боловч энэ нь бодит байдлаас хэтэрхий хол хүсэл эрмэлзэл юм. Гурван долоо хоногийн дараа энэ хурлыг хэн ч санахгүй” гэж нэмж хэлсэн байна.

Тэрбээр “Армен, Азербайжаны хэлэлцээ нь Орос, Украиныг эвлэрүүлж, энх тайван байдал тогтоох эерэг жишээ болно” гэж хэлжээ.

Штеффен Котре “Энх тайванд хүрэх эхний алхам “ямар ч болзолгүйгээр гал зогсоох” байж болно. Дараа нь цөөнхийн эрхийг хүндэтгэх ёстой. Мексик Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-д гишүүнээр элсэж чадахгүйтэй адил Украин Оросын аюулгүй байдлын ашиг сонирхлыг харгалзан, НАТО-гийн гишүүн болж чадахгүй. Одоогийн байдлаар Армени болон Азербайжаны нутаг дэвсгэрийн асуудлыг хамтран шийдвэрлэх ёстой” гэсэн байна.

Швейцарийн Люцерн хотын ойролцоо, Бургенсток амралтын газарт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Украины асуудлаар дээд хэмжээний уулзалт болсон. Дэлхийн 90 гаруй улс, түүнчлэн Европын холбоо, Европын зөвлөл, НҮБ зэрэг найман байгууллага оролцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нар тус уулзалтад оролцоогүй байна. Швейцарь ОХУ-д Украины асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцох урилга ирүүлээгүй бөгөөд Москва ямар ч тохиолдолд оролцохгүй байжээ.

Кремль “Украины асуудлыг Оросын оролцоогүйгээр шийдвэрлэх хувилбар хайх нь туйлын логикгүй бөгөөд дэмий зүйл” гэж мэдэгдсэн байна.

Дээд хэмжээний уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргаж, Запорожьегийн атомын цахилгаан станцын хяналтыг Киевт буцаан өгөх, Хар болон Азовын тэнгист чөлөөтэй зорчих, дайны хоригдлуудыг солилцож, суллахыг уриалжээ.

Мөн түүнд “Украины эсрэг аливаа аюул занал учруулах, цөмийн зэвсэг ашиглахыг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж онцлон тэмдэглэсэн аж. Мэдэгдэл гаргагчид “Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гуравдагч орнуудад аюулгүй нийлүүлэх, “Хүнсний аюулгүй байдлыг зэвсэг болгон ашиглах ёсгүй” гэж онцолсон байна.

Баримт бичигт мөн мөргөлдөөнийг зогсоохын тулд бүх талын хооронд яриа хэлэлцээ хийх шаардлагатай талаар дурдсан байна. Уулзалтад оролцсон 91 орноос Бразил, Энэтхэг, Өмнөд Африк, АНЭУ, Саудын Араб, түүнчлэн Армен, Бахрейн, Индонез, Ливи, Мексик, Тайланд зэрэг 77 нь дээрх мэдэгдлийг дэмжжээ.

Мэдэгдэлд “НҮБ-ын Дүрэм болон “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэх” нь Украинд цогц, шударга, бат бөх энх тайвныг тогтоох үндэс суурь болж чадна” гэж дурдсан байна. Олзны бүх цэргийг солилцох, мөн хууль бусаар шилжүүлсэн иргэд, тэр дундаа хүүхдүүдийг Украин руу буцаахыг уриалжээ.

Шинжээчид “Орос улсыг уриагүй тул хоёр өдөр үргэлжилсэн бага хурал дайныг зогсооход төдийлөн нөлөөлөхгүй” гэж үзсэн байна. Уг хуралд оролцохгүйгээ мэдэгдсэн Оросын гол холбоотон болох Хятад, ажиглагчаар оролцсон Бразил улсуудтай хамтран энх тайвны өөр замын зураглал гаргахыг оролдож буй ажээ.

Эх сурвалж: EURO NEWS, RIA NOVOSTI, КР
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу