БОАЖЯ-ны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх “Жорлон” үндэсний чуулганы үеэр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дурдсаныг хүргэж байна. 

Тэрбээр “Нийслэл хотын нийт газар нутгийн 88 хувь нь нянгийн бохирдолтой гэсэн судалгаа бий. Улсын хэмжээнд цаг уур орны хяналтын газрын харьяа 496 цэг байдгийн 102 цэг нь Нийслэл хотод шинжилгээ мониторинг хийдэг. Хот суурин газарт гэр хорооллын ариун цэврийн байгууламжтай холбоотой нянгийн бохирдол их байдаг бол орон нутагт уул уурхай, аймаг сумын төвүүдийн хог хаягдал нь хөрсний бохирдол үүсгэх гол шалтгаан болж байна” гэлээ.Мөн “Монголд зочлох жилийн хүрээнд бүх төрлийн цэвэрлэх байгууламжийн  тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлсөн. Энэ нь иргэн, аж ахуй нэгж байгууллагад орчноо шинэчлэх боломжийг олгож байгаа юм. Нийгмийн халамжаас татгалзах төрийн бодлогын хүрээнд иргэдийг нүхэн жорлонгийн асуудлыг шийдэхэд нь “Ногоон зээл”-ээр тусламж үзүүлнэ. Төсвийн мөнгөөр шууд бүх жорлонг шийдэх боломжгүй учраас нийтийн эрх ашиг руу илүү үйлчлэх бодлогыг баримталж байгаа. Иргэн 2 хувь, ААН 8 хувийн хүүтэй зээлийг 30 хүртэлх сарын хугацаатайгаар авах боломжтой. Энэ талаар банкуудтай хамтраад 2019 оноос эхлэн олгож байгаа.  Ногоон зээлээр авах боломжтой 20 төрлийн бүтээгдэхүүний жагсаалтыг банкуудад хүргүүлсэн байдаг. Нийтийн ариун цэврийн байгууламж, бага оврын цэвэрлэх тоног төхөөрөмжүүд зэрэг багтсан юм” хэмээн танилцууллаа.2023 онд аялал жуулчлалын гол чиглэл дагуу 30 байршилд үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөсөн. Нийтийн ариун цэврийн стандарт хангасан байгууламжтай байх зорилгоор 2020 онд 6, 2021 онд 11, 2022 онд 9 байршилд отоглох цэг байгуулжээ.

Мөн цаашид энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай товч танилцуулсан юм. Тухайлбал,

  • Ногоон зээлийн хүүгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх,
  • Нийтийн бие засах газрын хүртээмж чанарыг нэмэгдүүлэх,
  • “Эко жорлон” арга хэмжээг хэрэгжүүлж, хөрсний бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх,
  • Шатахуун түгээх станцуудыг ариун цэврийн байгууламжтай болгож, нийтэд нээлттэй үйлчилдэг болгох,
  • Хөрсний нянгийн болон хүнд металлын бохирдлын судалгааг нэмэгдүүлэх зэрэг ажлыг ойрын хугацаанд эрчимжүүлнэ гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу