НҮБ Израил хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд Газын зурвасын өмнөд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааг түр зогсоож, өдөр бүр “тактикийн завсарлага” авах шийдвэр гаргасныг сайшаажээ.

Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн Ням гарагт Газын зурвас дахь Керем Шалом шалган нэвтрүүлэх цэгээс Салах ал-Дин хүртэлх зам болон хойд зүгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор байлдааны ажиллагаагаа түр зогсоож, өдөр бүр “тактикийн завсарлага” авч, хоол хүнс болон тусламж нэвтрүүлж байгаагаа зарласан байна. Түр зогсолт 8:00-19:00 цагийн хооронд хүчинтэй аж.

Хүний эрхийн байгууллагууд бүслэлтэд байгаа бүс нутагт хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлсийн хомсдол их байгааг өмнө нь анхааруулсан. Дэлхийн эрүүл мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас мэдээлснээр, Газын зурваст тав хүртэлх насны 8000 гаруй хүүхэд хоол тэжээлийн хурц дутагдалд орсон байна.

Олон улсын зуучлагчид Газын зурваст үзүүлэх тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хоригдлууд болон барьцааны хүмүүсийг солилцох, гал зогсоох хэлэлцээр хийх талаар тавьсан саналыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Израиль болон ХАМАС-д нөлөөлөхийг оролдож байгаа  аж. Гэвч сүүлийн өдрүүдэд энэ үйл явц дахин зогсонги байдалд оржээ.

Израилын зэвсэгт хүчин “НҮБ болон олон улсын бусад байгууллагатай зөвлөлдсөний эцэст “тактикийн завсарлага” авах шийдвэрт хүрсэн бөгөөд дараагийн шийдвэр гарах хүртэл өдөр бүр түр гал зогсоох аж.

Тус улс Рафах руу дайрснаас хойш Газын зурваст хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дордож буй. Иймд олон улсын хамтын нийгэмлэг хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар тус улсад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлсээр байгаа билээ.

Израилын бүх улстөрч “тактикийн завсарлага” авч, хоол хүнс болон бусад тусламж  нэвтрүүлэх шийдвэрийг бүгд зөвшөөрөөгүй байна. Уг шийдвэрийг хэт барууны үзэлтэй, Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир эрс шүүмжилж буй бөгөөд “Израилын зэвсэгт хүчин гал түр зогсоосон нь Рафах дахь ажиллагааг зогсоосон гэсэн үг биш” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ERR, EURO NEWS, APP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу