Сэлэнгэ аймагт 19 настай залуу бага насны хоёр хүүхдийг живж байхад нь авраад, өөрөө нас баржээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан багийн “Битүүгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км/-т “Ерөө” голын усанд бага насны хоёр хүүхэд живж байхад нь аварсан иргэн Б өөрөө осолдсон тухай дуудлага зургаадугаар сарын 16-ны 11:24 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б /19 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 17-ны өдрийн 05:30 цагаас эхлэн анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 км-т “Хуучин модон гүүр” гэдэг газар хүртэл 4 удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийсэн байна.

Улмаар анх осолдсон газар болон эргээсээ 3.5 метр зайд, 3 метрийн гүнд шумбалт хийж, цогцсыг 15:10 цагт олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу