Ойрын өдрүүдэд нийслэл хотод үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна. Тодруулбал, өнөөдөр нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм.

Гэтэл ганцхан зуны өмнөх үргэлжилсэн бороонд нийслэл хот үерт автаж сүйд болсныг мартаагүй биз ээ. Сэлбэ голын дагуу байрласан нийт 141 орон сууц үерийн усанд автах өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа бий. 

Нэг жилийн хугацаанд голын голдиролд өөрчлөлт оруулан баригдсан хоёр объектыг чөлөөлснөөс бусдаар ямар ч урьдчилан сэргийлэх ажил хийгээгүй гэж болно. Голын үерийн даланг бэхжүүлэх ажлыг эхлүүлэх тухай мэдээлэл гарсан ч нүдэнд харагдах онц зүйл алга. 

Нийслэлийн болон дүүргүүдийн онцгой комисс хэдхэн хоногийн өмнө хуралдаж авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай чиглэл баталсан. Харин байгаль өөрөө хэлж анхааруулж байгаад үерлэнэ гэж юу байх билээ дээ. Биднийг сонгууль, нам гэж ярилцаж суух хооронд л автуулчихна. 

Өмнө жилийн үер хүчтэй аадар борооноос үүдээгүй бөгөөд үргэлжилсэн борооноос шалтгаалсан байдаг. Өнөөдөр шинэчлэн барьсан зам, усны хаялга, усны суваг ганц өдрийн бороонд л бөглөрөн дүүрч нийслэл тэр аяараа уртын харайлтаар хичээллэснийг та бид нүдээрээ харсан. Хашрахгүй хүүхэд шиг харайгаад л үзээд байгаагаа нэг анзаарвал ямар вэ. 

Өнөөдөр орсон бороо маргааш хэрхэхийг мэдэхгүй, нэг ч бэхлэлт арга хэмжээ аваагүй Сэлбэ голын далан ч мөн хэзээ дүүрэхийг таашгүй. Ид сонгуульдаж, наадамдаж байгаад л хотоо урсгачих магадлал өндөр байгаа хэр нь бид нам засгийн ажлаа амжуулсаар л тайван аж төрж буй. 

Улаанбаатар хот үерт бэлэн эсэхээ иргэдийнхээ нүдэнд харагдаж, гарт баригдахаар нэг харуулахгүй л бол бороо орох бүрд айдас төрдөг зуршилтай болох нь.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу