Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), “Рио Тинто групп”, “Оюу толгой” компани хамтран Монгол Улсад анх удаа уул уурхайн амин сүнс болсон геотехникийн инженерүүдийг бэлтгэж, энэ сарын 14-ний өдөр анхны төгсөгчдөдөө бакалаврын диплом гардуулан өгчээ.

Ийнхүү уул уурхайн нарийн мэргэжлээр сурах сонирхолтой залуус эх орондоо дэлхийн жишигт нийцсэн мэдлэг боловсрол эзэмшин, цаашид “Оюу толгой” төдийгүй олон улсын томоохон уурхайд ажиллах суурь нөхцөл бүрдсэн байна.

Геотехникийн инженер нь ашигт малтмалын орд, уул уурхай, барилга байгууламжийн хөрс чулуулаг, газрын гадаргын тогтцыг үнэн зөв тодорхойлох, зураг төсөл боловсруулахад шаардагдах инженер-геологийн үзүүлэлтүүдийг нарийвчлан тогтоох, цаашдын хувиралт, өөрчлөлтөд үнэлэлт өгдөг уул уурхай болон барилгын салбарт өндөр ач холбогдолтой мэргэжил юм.

2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөр 2.42 сая ам.долларын санхүүжилттэй бөгөөд өдгөө ШУТИС-д нийт 100 гаруй оюутан суралцаж буй юм байна. Цаашид магистрын хөтөлбөр нэвтрүүлэх, олон улсад магадлан итгэмжлүүлэх, багш нарыг чадавхжуулах, судалгааны төв байгуулах хэтийн зорилготой ажээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-д Компьютерын лаборатори хүлээлгэн өгсөн бол “Оюу толгой” компанийн нэмэлт 366 мянган ам.долларын санхүүжилтээр Чулуулгийн лаборатори мөн байгуулсан байна.

Энэхүү лабораториуд нь оюутнууд мэргэжлийн программ хангамж ашиглан сургалт судалгаа хийх, Монгол орны байгалийн тогтоц, чулуулгийн бүтцийн онцлогийг илүү нарийвчлан судалж, үйлдвэрлэлд ашиглах бодит боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлогтой аж.

“Рио Тинто групп”, “Оюу толгой” компани Монгол Улсын уул уурхайн салбарт эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг сургах, дээд боловсролын хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн санал санаачилга, үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд уг зорилгын хүрээнд боловсролын салбарын шинэчлэл хөгжилд түүчээлсэн олон улсын жишиг хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу