БНАСАУ-ын зэвсэгт хүчний алба хаагчид дахин санамсаргүй байдлаар Өмнөд Солонгосын хилийг зөрчжээ. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин анхааруулах буудлага хийсний дараа тэд нутаг руугаа буцсан байна. Энэ тухай “Yonhap” агентлаг БНСУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны мэдээллээс иш татан уламжилжээ.

Өмнөд Солонгосын талаас мэдээлснээр, өнөөдөр өглөө (2024.06.18) орон нутгийн цагаар 08:30 цаг (Монголын цагаар 07:30 цаг)-т 20-30 цэрэг цэрэггүй бүсэд ажиллаж байгаад, БНСУ-ын хилийн шугамыг давсан байна.

БНСУ-ын зэвсэгт хүчин техник хэрэгслээр анхааруулга өгч, дараа нь анхааруулах буудлага хийснээр хойд солонгос цэргүүд нутаг руугаа буцжээ. БНСУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооноос анхаарал хандуулах “ер бусын” үйл ажиллагаа ажиглагдаагүй гэж нэмж мэдээлсэн байна.

Цэрэггүй бүсэд энэ сарын 9-ний өдөр үүнтэй төстэй хэрэг гарсан. Энэ үеэр Ардчилсан Солонгосын цэргүүдийн зарим нь хүрч, зээтүү барьсан байсан бол зарим нь зэвсэгтэй байжээ.

Өмнөд Солонгосын офицер “Энэ оны дөрөвдүгээр сараас хойш Хойд Солонгосын арми хойд хилийн шугамын ойролцоох фронтын бүс нутгуудад олон тооны цэрэг илгээж байна. Тэд хилийн аюулгүй байдлыг сайжруулах, үүнтэй төстэй барилга байгууламж барих зэрэг олон ажил хийж байна. Танк эсэргүүцэх байгууламжууд, цэргийн замыг сайжруулж, мина тавьж, орон зайг цэвэрлэж байна” гэж хэлжээ.

“Yonhap” агентлаг өмнө нь “БНАСАУ нэг бол хамгаалалтын бааз, бэхлэлтээ бэхжүүлж байна, эсвэл хил дээр хатуу хана босгохоор төлөвлөж байна” гэж таамаглаж байгаа талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилж байв. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин асуудлыг нарийн тодруулах шаардлагатай гэж мэдэгджээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Үндэсний аюулгүй байдлын хэлтсийн дарга Чан Хо Жин зургаар сарын 16-ны өдөр “Одоогийн байдлаар тэд хана босгохоос илүү танк эсэргүүцэх байгууламж барьж, саад тавьж байна уу гэж бодож байна. Цаашид уг ажилд хяналт тавьж ажиллах ёстой” гэж хэлжээ.

Эх сурвалж: YONHAP, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу