-Сүхбаатар дүүргийг Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг нар УИХ-д төлөөлдөг, М.Ганбаатар хэнийг нь мөргөж, мандат авах юм-

“Тавантолгой түлш” компанийн захирал асан М.Ганбаатар Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар томилогдсон даруйд “Одоогийн байдлаар яндан нь битүү байгаа 62 мянган өрхийн янданг хөөлнө. Үйлдвэрт ажиллаж, түлшинд хяналт тавина. Улмаар хийгээр халах системийг нэвтрүүлэх замаар нийслэлийг ирэх долоо хоногт утаанаас салгана” хэмээн олны нүдийг орой дээр нь гаргав. Ёстой л голомтоос ирсэн утааны мансуурлаасаа гараагүй нэгэн гэдгээ харуулсан. Тэр одоо утаа ярих хүн мөн үү. Улаанбаатарыг утаанаас нь салгана гэж төсвийн мөнгөөр туйлж утаагүй түлш үйлдвэрлэсэн нэрээр мөнгө “угаасан” нөхөр. Эрдэнэс Тавантолгойн нүүрсний хулгайгаар хүмүүс хуйгаараа шалгуулж байхад тэдэнтэй хамт шалгагдах нь бүү хэл тушаал дэвшиж дэд сайд болж явна. М.Ганбаатар гэхээс илүүтэйгээр “По” Ганбаа нэрээр олонд танигдсан тэрбээр сонгууль зүүдэлж яваа. 

Дэд сайдын “Ирэх долоо хоногоос Улаанбаатарын утаа эрс буурна” гэсэн эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй байр суурь өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар утаанаас салж эхлэх бөгөөд энэ долоо хоногийн эцэс гэхэд бүрэн салах бололтой.

Үнэн хэрэгтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам утаатай зууралдаж, түлш үйлдвэрлэн, яндан хөөлөх чиг үүрэг хүлээгээгүй гэдгийг шинэхэн Дэд сайд маань мэдээгүй бололтой. Үйлдвэр, түлш бусад асуудал нь 100 хувь Эрчим хүчний яаманд харьяалагддаг гэдгийг мэдмээр юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ тал дээр зөвхөн утааны стандарт тогтоох үүрэг хүлээсэн байгууллага шүү дээ. Хаана ямар алба хашихаа мэдэхгүй улс төрийн томилгоо даган, “тууж” ирсэн Дэд сайд маань өөрөө Эрчим хүчний яамны харьяа “Тавантолгой түлш” компанийн захирлаар, жинхэнэ утааны голомтод ажиллаж байсан хүн учраас манараа нь гараагүй бололтой. Энэ хугацаанд түлшиндээ лав хяналт тавьж ажиллаж байгаагүй гэдгээ үүгээрээ мэдэгдлээ.

Нөгөө талаар түлшний даргаар ажиллаж байхдаа хэрэглэгчид чухам ямар орчинд түлшийг хэрхэн яаж хэрэглэж байгааг нэг ч удаа хараагүй гэдгээ харуулав. Магадгүй, Засгийн газраас Эрчим хүчний Дэд сайдаар томилсон байсныг мань эр андуураад Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу ирчихсэн юм биш биз гэж гайхлаа.

Бас болоогүй ээ, чиг үүргээ андуурч яваа Дэд сайд маань Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргын алба хаших төдийгүй айсуй 2024 оны сонгуулиар тус дүүргээс УИХ-ын сонгуульд өрсөлдөх санаа тээж яваа аж. Гэтэл тус дүүргийг УИХ-д төлөөлж буй Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг нар байгаа. М.Ганбаатарын хувьд энэ гурвынхаа алийг нь мөргөж, мандат авах юм бол гэх асуудал зүй ёсоор урган гарна.

Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нарын хувьд бол аль аль нь УИХ-д олон удаа сонгогдож, Засгийн газрын танхимд хүртэл ажилласан туршлага бүхий гишүүдээс гадна МАН дотор хүчтэй фракцид данстай нөхөд гэхээр М.Ганбаатар шиг утааны мансуурлаасаа гараагүй нөхөрт мандатаа алдана гэж хэзээ ч үгүй. Ц.Мөнхцэцэгийн хувьд хэдийгээр анх удаа парламентад сонгогдсон шинэхэн гишүүн хэдий ч МАН-ын арын албыг сайтар залгуулдаг гавьяатай хүн. Тодотговол, өнгөрөгч жил МАН-аас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын авторуудын нэг. Тэгэхээр МАН-ын дарга өөрийнхөө болон намынхаа туг лоозон болгож яваа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын авторуудынхаа нэгийг мандатгүй үлдээнэ гэж үгүй. Ингэхээр Сүхбаатар дүүрэгт ямар орон зай байгаа юм. Мань эр бас л утааны мансуурлаасаа гаралгүй төөрч яваа юм биш биз.

Ингэхэд М.Ганбаатарыг “Тавантолгой түлш” компанийн захирлаар ажиллаж байхад Улаанбаатарын утаа ихсэх, айл өрхийн дулаан алдагдах, түлшний чанарт өөрчлөлт орох, хүн олноор угаартах зэрэг олон сөрөг зүйл тохиолддог байсныг бид мэднэ. Харин тэрбээр энэ сөрөг үзэгдлийг өөрөөсөө эвтэйхэн холдуулан, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд наачихдаг учраас иргэд хаа хамаагүй яам руу гомдоллодог байсныг ч нуух аргагүй. Эцэст нь цар тахал бусад хүчин зүйлээс үүдэж, үйлдвэр нь доголдохоор захирал М.Ганбаатар хаяад зугтаасан гэж ярьдагтай би санал нийлнэ. Бас болоогүй ээ, үйлдвэрээ хаяад зугтсан дарга асан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол зүүчихсэн явааг сүхбаатарчууд мэддэг байгаа даа.

Эх сурвалж: Өглөөний сонин