Кремлийн хэвлэлийн албанаас өнгөрсөн Даваа гарагт “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 18, 19-ний өдрүүдэд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны урилгаар тус улсад найрсаг төрийн айлчлал хийнэ” гэж мэдээлсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Олон улсын асуудал хариуцсан туслах Юрий Ушаков “Төрийн тэргүүн Пёньянд айлчлах үеэр ОХУ, БНАСАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй. Ийм гэрээ байгуулах шаардлага нь дэлхийн нөхцөл байдлын гүн гүнзгий хувьсалтай холбоотой” гэж мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, Пёньянд хийх Путины айлчлал “маш шахуу хөтөлбөртэй” аж. Ю.Ушаков сэтгүүлчидтэй уулзахдаа “Төрөл бүрийн форматаар хийх уулзалтуудын үеэр ‘хамгийн чухал, хамгийн эмзэг асуудлууд’-ыг хэлэлцэнэ” гэж мэдээлсэн байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын шинэ сайд Андрей Белоусов багтсан талаар ТАСС агентлаг мэдээлэв.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун В.Путины урилгаар 2023 оны есдүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Тухайн үед ОХУ коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш БНАСАУ-ын удирдагчийн айлчилсан анхны улс болсон. Тус улс ч цар тахлын улмаас хилээ хаасан байв. Ким Жон Ун Оросын Алс Дорнодод айлчилж, Оросын удирдагчийг тааламжтай үедээ айлчлахыг урьсан билээ.

В.Путин 2000 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш хоёр сарын дараа буюу долдугаар сард Пёньянд айлчилсан. Тус айлчлалын үеэр тэрбээр БНАСАУ-ын тухайн үеийн удирдагч, одоогийн удирдагчийн эцэг Ким Жон Илтэй хоёр талын болон олон улсын асуудлуудыг хэлэлцэж, БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ил Сений бунханд зочилж, Солонгосыг чөлөөлсөн Зөвлөлтийн цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөсөн юм.

Кремлийн хэвлэлийн албаны мэдээнд мөн “В.Путин зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Вьетнамын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгийн урилгаар Вьетнамд айлчилна” гэж дурджээ.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Ханойд В.Путин Вьетнамын Ерөнхийлөгч То Лам, Ерөнхий сайд Фам Минь Тин, Үндэсний Ассамблейн дарга Чан Тхань Ман нартай уулзах бөгөөд Орос, Вьетнамын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Яриа хэлэлцээний дараа хоёр тал хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах аж.

БНАСАУ-ын өдөр тутмын “Нодон Синмун” сонин нийтлэлдээ “Хэрвээ улс орнууд найрамдал, эв нэгдлийг бэхжүүлж чадвал аливаа түрэмгийлэл бүтэлгүйтдэгийг Орос, БНАСАУ-ын түүх нотолж байна” гэж дурджээ.

Нийтлэлд “Манай хоёр орны хамтын зорилгод хүрэх үйл явцад гарсан ялалт, үр дүн түүхэнд үнэн болон үлдсэн нь хоёр орон ард түмнийхээ амар амгалан амьдрал, хөгжлийг хангаж, түрэмгийлэгч аливаа этгээдийг ялан дийлж, хэнийг ч сүйрэлд хүртэл устгаж чадахаа харуулж байна.

Манай хоёр орон нөхөрлөл, эв нэгдлийн уламжлалыг сахин хамгаалж, түүнийг тасралтгүй бэхжүүлсээр байна. Орос, БНАСАУ-ын ард түмний найрамдал, эв нэгдэл дийлдэшгүй, ялалт, шударга ёсонд итгэлтэй байна” гэж дурджээ.

Олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудын анхаарал БНАСАУ-ын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтад төвлөрч байна. Энэ талаар БНАСАУ-ын төрийн мэдлийн “Минжү Чосон” сонинд нийтлэгдсэн нийтлэлд дурджээ.

Мөн тус нийтлэлд “Олон улсын тавцанд империалистуудын түрэмгий ажиллагаа, цэргийн явуулга, албадлага урьд өмнөхөөсөө илүү хурцдаж байгаа энэ үед Орос, БНАСАУ-ын найрамдал онцгой хурдаар бэхжиж байна.

Удирдагчдын биечилсэн уулзалт нь сайн хөрш төдийгүй нэгдмэл зорилгын төлөө тэмцэж байгаа хоёр орны харилцаа, олон улсын улс төрийн нөхцөл байдалд асар их үр дагавартай. Тиймээс одоо бүх дэлхийн анхаарал БНАСАУ-д төвлөрч байна” гэж тэмдэглэжээ.

“Минжү Чосон” сонинд “Хэрвээ дэлхий дээр тогтвортой байдал, энх тайвныг бий болгож, улс орныхоо бие даасан хөгжлийг баталгаажуулж, АНУ-ын дарамт, дарангуйллыг таслан зогсоохыг хүсвэл барууны орнуудын бие даасан хүчнүүд нэгдэж, өөрсдийн эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй тэмцэх ёстой” гэж бичсэн байна.

Эх сурвалж: TASS, MINJU CHOSON, RODONG SINMUN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу