Бороотой өдөр нэг сайхан банштай цай уух юмсан гэж бодож байтал таны фэйсбүүк хуудаст яг тиймэрхүү зураг гараад ирдгийг та анзаардаг уу. Нэг найзтайгаа майхан худалдаж авах тухай ярилцаж байгаад, утсаа шалгатал майхны зураг гараад ирэх тохиолдол ч бий. Зарим хүмүүс “Энэ гар утсанд чагнах төхөөрөмж байдаг”, эсвэл “Бодол хүртэл уншаад байдаг юм” гэхчилэн ярих нь бий.
Харин гар утас өөрөө таны юу хүсэж байгааг мэдэхгүй ч түүнийг ашиглаж буй программ хангамж, хиймэл оюун ухаан, алгоритмууд таны зан төлөвийг судалж, урьдчилан таамаглах боломжтой байдаг. Ингэснээр таамаглах болон хайлтад үндэслэн, таны харагдцад хэрэгцээт зүйлийг санал болгодог гэсэн үг. Энэ нь дараах байдлаар хэрэгждэг байна.
  • Хэрэглээний зан төлөвийн судалгаа
Утасны аппликейшнүүд таны хэрэглээний түүхийг цуглуулж, танд тохирсон зөвлөмж гаргаж чадна. Жишээ нь, YouTube таны үзсэн бичлэгүүдийн түүхийг үндэслэн шинэ бичлэгүүдийг санал болгодог.
  • Хайлтын түүх ба өгөгдөл цуглуулалт
Таны хийсэн хайлтууд, зочилсон вэб сайтуудын түүхийг ашиглан таны сонирхлыг тодорхойлох боломжтой. Жишээ нь, Google Search таны хайлтын түүхэнд үндэслэн илүү холбогдох хайлтын үр дүнг үзүүлдэг.
  • Орон байр ба байршил
Гар утасны байршил тодорхойлох системүүд таны байршлыг хянаж, үүний үндсэн дээр тохирсон үйлчилгээ санал болгодог. Жишээ нь, ресторан хайж байх үед ойр орчмын рестораныг санал болгох.
  • Мэдээллийн сан ба хиймэл оюун ухаан
Siri, Google Assistant, Alexa зэрэг дуу хоолой таних системүүд таны асуулт, тушаалд хариулах замаар таныг ойлгохыг оролддог. Эдгээр системүүд нь таныг хэдий чинээ их ашиглана төдий чинээ таны тухай мэдээлэл цуглуулж, сайжирдаг.
  • Нийгмийн сүлжээ ба хэрэглэгчийн зан төлөв
Facebook, Instagram зэрэг нийгмийн сүлжээний платформууд таны лайк, коммент, шэйр хийх үйлдлүүдийг анализ хийж, таны сонирхол, хүсэлтийг ойлгохыг зорьдог.
Гэсэн хэдий ч эдгээр технологиуд таныг илүү сайн үйлчилгээгээр хангахын тулд мэдээллийг цуглуулдаг бөгөөд тэдгээр мэдээллүүдийг хэрхэн ашиглаж буй нь таны хувийн нууцлалд нөлөөлж болзошгүй тул болгоомжтой хандах хэрэгтэй. Тиймээс та өөрийн нууцлалын тохиргоог шалгаж, шаардлагатай бол өөрчлөлт хийхийг зөвлөж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу