Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны эхний тойрогт австричуудтай хийсэн тоглолтын үеэр хамраа хугалж, хагалгаанд орохоор болжээ. Энэ талаар Францын “L’Equipe” сонин мэдээлэв.

Түүнд ойрын хугацаанд хагалгаа хийх мэдээлэл байгаа аж. Тоглолтын сүүлийн минутад Мбаппе өрсөлдөгчтэйгээ мөргөлдөж, хамраа гэмтээсэн бөгөөд талбайдаа эргэн ирж чадалгүй солигдсон байна.

Даваа гарагт болсон тоглолтод Францын шигшээ Австрийн багийг 1:0-ээр буулган авчээ. Тоглолтын 38 дахь минутад Австрийн шигшээ багийн төвийн хамгаалагч Максимилиан Вёбер өөрийн хаалганд гоол оруулжээ.

Тоглолтын төгсгөлд Мбаппе бөмбөг мөргөх гэж байгаад өрсөлдөгчийнхөө нүүрийг мөргөсөн байна. Талбайд гарч ирсэн эмч цус алдалтыг зогсоохыг оролдож, 90 дэх минутад түүний оронд өөр тоглогч гарган, Мбаппег яаралтай эмнэлэгт хүргэжээ.

Өдгөө 25 настай Мбаппе зургаадугаар сарын 3-нд Францын “Парис Сен-Жермен” (ПСЖ)-ээс Испанийн “Реал Мадрид” руу шилжсэн. ПСЖ багийн бүрэлдэхүүнд байхдаа тэрбээр Францын таван удаагийн аварга, улсын цом, супер цомын гурван удаагийн аварга болж, Лигийн цомыг хоёр удаа хүртсэн.

Тоглогч мөн Францын аварга болсон “Монако” багт тоглож байжээ. Тэрбээр Францын багийнхны хамт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагч (2018), мөнгөн медаль (2022)-ийн эзэн болж байв.

Эх сурвалж: LEQUIPE, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу