Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжилж, “Империал гоулд майнинг” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцсэн юм. 

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Өнөөдөр 15 компанийн хэрэгт 57 гэрчийг дуудаж, мэдэгдсэн байгаа. “Империал гоулд майнинг” ХХК-тай холбоотой дөрвөн гэрч оролцоно. Компанийн гүйцэтгэх захирал Н.Батмагнай, хувьцаа эзэмшигч М.Энхтайванбаатар, Т.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Даваажаргал нар ирсэн.

Шинжээч: “Империал гоулд майнинг” ХХК 2018 онд Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах төсөлд Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийг авах хүсэлт ирүүлж, 2019 оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банкнаас төслийг санхүүжүүлж эхэлсэн. Авсан зээлийн зарцуулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулъя. Энэ санхүүжилт нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт 10.2 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 12.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгээгүй, хугацаа нь 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр дууссан.Чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэн. Хувьцаа эзэмшигчид хүсэлт гаргах үед иргэн Н.Батмагнай 30 хувь, Т.Мөнхбаяр 40, М.Энхтайванбаатар 30 хувийг эзэмшиж байсан. Нийт 16 тэрбум төгрөгийн зарцуулалтыг харахад Хөгжлийг банкнаас нийт дөрвөн удаа 15 тэрбум 960 сая төгрөг шилжүүлснээс 7.37 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан. 

“Хаан” банкны барьцаанд бүртгэлтэй, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 9.2 тэрбум төгрөгөөр үнэлж, барьцааны шаардлага хангуулсан Хөгжлийн банкны 10.1.6 заасан барьцаа хөрөнгөний шаардлага хангаагүй гэдэг дүгнэлт бий. Өөр банкинд барьцаалсан тусгай зөвшөөрлийг давхар барьцаалж, зээл олгосон гэсэн үг.

Хөгжлийн банкны төлөөлөл болох тухайн үеийн дэд захирал асан Ч.Мөнхбаяр:

-Энэ барьцааг сулласны дараа гүйлгээ хийсэн. ТЭЗҮ бол таван жилийн хугацаатай байдаг. Өнгөрсөн 2014 онд ТЭЗҮ гаргаж, 2019 онд дуусах байсан. Нэмэлт тодотгол хийлгэхийг аж ахуйн нэгжид хариуцуулсан байна.