ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгост найрсаг айлчлал хийхээр газарджээ. Энэ нь хоёр орны эв нэгдэл гүнзгийрч, Москва Украины эсрэг дайныг үргэлжлүүлэхийн тулд Пёньянаас зэвсэг авах шаардлагатай буйг харуулж байна.

Орон нутгийн цагаар Лхагва гаргийн өглөө БНАСАУ-ын нийслэл Пёньянд хүрэлцэн ирсэн Путиныг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун онгоцны буудал дээр угтан авчээ. Энэ нь ОХУ-ын төрийн тэргүүнийг хүрэлцэн ирэх үеийн дүрс бичлэгээс харагдаж буй юм.

Тус улсын хэвлэл мэдээллийн “РИА” агентлагийн мэдээлснээр, хоёр удирдагч хэдэн минутын турш хөгжилтэй ярилцжээ. “Дараа нь тэд Путины байрлах Кумсусан мужийн зочны ордон руу хамтдаа хөдөлсөн” гэж Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн KCNA агентлаг мэдээлэв.

Мөн тус агентлагийн мэдээлснээр, хоёр удирдагч хоёр орны ард түмний нийтлэг хүсэл, сонирхолд нийцсэн харилцаа, илүү итгэлтэйгээр хөгжих талаар ярилцаж, санал бодлоо солилцсон байна. Зочны ордонд ирснийхээ дараа тэд “нөхөрсөг яриа” өрнүүлсэн талаар мэдээлжээ.

Путиныг 2000 оноос хойш анх удаагаа айлчлахын өмнө Пёньяны гудамжуудыг Оросын туг далбаа, зурагт хуудсаар чимэглэсэн байна. Энэ долоо хоногийн айлчлал нь Путин 2022 онд Украинд халдан түрэмгийлснээс хойшхи гадаадад хийж буй “ховор” айлчлал бөгөөд түүний хувьд чухал юм. Кимийн хувьд ковид-19 цар тахлаас хойш улс төрийн хувьд тусгаарлагдсан өөрийн улсдаа дэлхийн өөр удирдагчийг хүлээн аваагүй билээ.

Дэлхий даяар Путины айлчлалыг анхааралтай ажиглаж байгаа юм. Энэ удаагийн айлчлал Украин дахь дайнд Москвагийн зэвсгийн хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй бөгөөд өрнөдийн эсрэг нийтлэг дайсагналцал дээр суурилж буй хоёр гүрний хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

БНАСАУ-д хийсэн айлчлалынхаа дараа Путин коммунист засаглалтай Вьетнамтай ОХУ ямар харилцаатай байгааг харуулахын тулд Ханойд айлчлахаар төлөвлөжээ.

Путины туслах Юрий Ушаков Даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын удирдагчийн Хойд Солонгост хийж буй айлчлал “маш шахуу” хөтөлбөртэй. Хоёр удирдагч стратегийн түншлэлийн гэрээ байгуулахаар төлөвлөж байна”  гэж мэдэгдсэн.

Тэрбээр энэхүү хэлэлцээр нь бусад орныг өдөөн хатгах бус, харин Зүүн хойд Азийн тогтвортой байдлыг хангах зорилготойг онцолжээ. Тэрбээр “Шинэ гэрээ нь 1961, 2000, 2001 онд Москва, Пёньяны хооронд байгуулсан баримт бичгүүдийг орлоно” гэж хэлсэн байна.

“Planet Labs болон Maxar Technologies” компаниудын хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад, Пёньян төв талбайдаа томоохон жагсаалын бэлтгэл хийсэн байна.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби Даваа гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа “Байдены засаг захиргаа “аялалд санаа зовохгүй байгаа” боловч “Бид хоёр орны харилцаа гүнзгийрч байгаад санаа зовж байна” гэж нэмж хэлжээ.

АНУ, Өмнөд Солонгос болон бусад улсууд Хойд Солонгосыг сүүлийн саруудад Оросын дайны хүчин чармайлтад их хэмжээний цэргийн тусламж үзүүлсэн гэж буруутгаж байгаа юм.

Ажиглагчид Москва Пёньяны шинээр байгуулагдаж буй цэргийн хиймэл дагуулын хөтөлбөрөө хөгжүүлэхэд туслах зорилгоор олон улсын хориг арга хэмжээг зөрчиж байна гэж болгоомжилж буй. Хоёр улс Хойд Солонгосын зэвсгийн экспортыг үгүйсгэдэг.

Хойд Солонгосын удирдагч Өмнөд Солонгостой энх тайвнаар дахин нэгдэх гэсэн олон жилийн бодлогоос татгалзаж байгаад олон улс санаа зовниж буй бөгөөд Солонгосын хойгт хурцадмал байдал хэвээр байгаа юм.

Хоёр Солонгосыг тусгаарлаж буй Цэрэггүй бүсэд (DMZ) ажиллаж байсан Хойд Солонгосын цэргүүд “түр зуур” Өмнөд рүү нэвтэрсэн. Түүний дараа Өмнөд Солонгос анхааруулах буудлага хийсэн нь сүүлийн хоёр долоо хоногт хоёр дахь тохиолдол болсон талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлсэн билээ.

Эх сурвалж: CNN, KCNA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу