Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутнуудын тоог 1500-гаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Эл шийдвэртэй холбогдуулан нэмэлт бүртгэл хэрхэн хийх талаар Батлан хамгаалах яамнаас мэдээлэл өглөө.

БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Д.Энхсайхан “2022 онд нийслэл дэх их, дээд сургуулийн 451 оюутан, коллеж, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг хамруулан суралцуулж бэлтгэсэн. Боловсролын мэдээллийн, технологийн төвийн мэдээллээр зөвхөн нийслэл дэх их, дээд сургуулиудад I дамжааны 8247 эрэгтэй оюутан суралцаж байгаа. Үүний 4887 оюутан нь сурлагын голч нь 2,8-наас дээш голчтой буюу “оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой гэсэн дүн мэдээ гарсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутан, залуустай гуравдугаар сарын 23-нд уулзах үеэр оюутнуудаас нэлээдгүй санал гаргасны нэг нь “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх талаар байсан. Энэхүү уулзалтын үр дүнд Засгийн газрын гуравдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар оюутан залууст тулгамдаад байгаа нэлээдгүй асуудлуудыг шийдвэрлэхээр болсны нэг нь “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутан, суралцагчийн тоог 1500 болгох шийдвэр гаргасан.

Энэ шийдвэрийн хүрээнд “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийг төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-аар бүртгэх, бүртгүүлж байгаа оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голч дүнгийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулан, баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг авч сонгон шалгаруулалт хийхээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран гуравдугаар сарын 06-17-ны өдрүүдэд цахим бүртгэлийг явуулсан.

Нийслэл дэх их, дээд сургуулиудын 1000 гаруй оюутан бүртгүүлсэн байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Батлан хамгаалах яамнаас төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-д хүсэлт гарган нэмэлт бүртгэлийг гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн. Оюутан залуус та бүхнийг бүртгэлд идэвхтэй хамрагдахыг хүсэж байна.

Түүнчлэн Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр шийдвэр гаргаж, сүүлийн хэдэн жил хамрагдаж чадаагүй орон нутаг дахь буюу бүх аймаг дахь их, дээд сургууль, коллежийн оюутан, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг мөн “оюутан цэрэг” сургалтад хамруулахаар шийдвэрлэн бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу