БНСУ-ын “Т-Ара” охидын хамтлагийн реппер гоцлол дуучин Хё Мин “Make9” брэнд ВИП эвентэд оролцохоор Монголд ирсэн байна. Түүнтэй хамт Солонгосын мисс Шин А Ра, инфлүүзер Жин Ий Ёон нар иржээ. Тэд өнөөдөр тус брэндийн Монгол дахь салбар дэлгүүрт зочлох аж.

Өдгөө 35 настай Хё Мин хамтлагийнхаа уран бүтээлээс гадна “Миний найз охин есөн сүүлт үнэг”, “Гибек”, “1000 дахь хүн”, “Гисаен Рюнг” зэрэг телевизийн олон ангит кинонд тогложээ.

2009 оны зун зургаан гишүүнтэйгээр байгуулагдсан “Т-Ара” хамтлаг солонгос хэлээр нэг бүтэн цомог (2009), таван өргөтгөсөн цомог (2010, 2011, 2011, 2012, 2013) гаргажээ.

Японы зах зээлд 2011 оноос нэвтэрч, япон хэлээр хоёр цомог (2012, 2013) гаргасан аж. 2010 оны эхэнд анх удаа долоо хоногийн чартыг “Bo Peep Bo Peep” дуугаараа тэргүүлж, 2011 онд оны шилдэгт нэр дэвшсэн “Roly-Poly” дуугаараа улам алдаршчээ.

Энэ жил “Т-Ара” хамтлагийн 15 жилийн ой тохиож буй бөгөөд ирэх есдүгээр сард Хонконг фэнүүдтэйгээ уулзаж, баяраа тэмдэглэхээр төлөвлөсөн байна.

Тус хамтлагийнхан 2013 онд Монголд ирж тоглолтоо xийж, “Number nine” дууныхаа клипний зураг авалтыг xийж байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу