Нарны гүүрээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг туршилтаар хийхээр болсон ч иргэд эсэргүүцэж байсан билээ.

Тиймээс энэ зохицуулалтыг түр зогсоохоор болсон талаар албаныхан өнөөдөр мэдэгдлээ.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Гуравдугаар сарын 28-наас эхлээд хоёр байршил, гурван уулзварт авто замын хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлтийг хийж эхэлсэн. Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын баг энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлж байна. Гэтэл үүнтэй холбогдуулан замын дагуу оршин суудаг байр, хотхоны оршин суугчдын эсэргүүцэлтэй тулсан.

Уг өөрчлөлтийн туршилтын хугацаа энэ долоо хоногоор дуусаж байна. Ирэх долоо хоногт туршилтын үр дүнг танилцуулах болно. Энэ зохицуулалтыг хийх ажлыг цуцлаагүй, туршилтын хугацаа дуусаж байна гэсэн үг.

Ер нь цаашид хөдөлгөөний чиглэлтэй холбоотой ийм өөрчлөлтүүдийг судалгаанд суурилан хийнэ” гэв.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адъяасүрэн “Судалгаа, тооцоогүй замын хөдөлгөөний өөрчлөлт хийгээгүй. Тооцоолсон судалгаагаа бататгахаар туршилт хийсэн юм.

Дэлхийн бусад хотод хийдэг авто замын хөдөлгөөн зохион байгуулалтын аргачлалын дагуу тооцооллыг хийн, хөдөлгөөний чигийг өөрчилж байна.

Алтай хотхон, Хөсөг трейдийн баруун уулзварын нэг чигийн хөдөлгөөний өөрчлөлтийг уг нь 21 хоног туршиж, тооцооллоо бататгах байсан. Гэвч иргэдийн нөхцөлөөс хамаараад өнөөдөр 22:00 цагаас туршилтаа түр зогсоож байна. Улаанбаатар хотод давхардсан тоогоор өдөрт 430,000 автомашин зорчдог. Эдгээр зорчилтыг зохистой, боломжтой хугацаагаар хурдан түргэн явуулахын тулд өөрчлөлт хийх зорилготой юм ” хэмээлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу