Монгол Улсын 21 аймгаас аль аймаг яагаад өрсөлдөх чадварын хувьд бусдаас сайн, эсвэл сул байгааг ойлгож мэдэх, тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглаж болох, хөгжлийг хойш татаж буй сул талаа хэрхэн шийдвэрлэх шийдлийг олоход чухал өрсөлдөх чадварын судалгааны мэдээллээс танилцуулж байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эрхлэн гаргаж буй. Энэхүү судалгааны гол зорилго хот, хөдөөгийн ялгаа, тэгш бус байдлыг арилгах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, бодлого боловсруулагчдыг судалгааны бодитой мэдээллээр хангах, улмаар аймгуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулах аж.

Энэ зорилгоор Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан үнэлж, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлсныг дараахь зургуудаас харж болно.

Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн, тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлжээ.

Аймгуудын хөгжлийг үнэлэх энэхүү судалгаа нь тодорхой аргачлалын дагуу тогтмол буюу жил бүр боловсруулагдан гардаг бөгөөд орон нутгийн өрсөлдөх чадварын ахиц, өөрчлөлтийг хянах боломж олгодог.

Аймгуудын өрсөлдөх чадварыг зөвхөн ДНБ-ий хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулах боломжгүй. Учир нь, тухайн аймгийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд эдийн засаг, улс төр, нийгмийн болон соёлын гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг.

Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 орчим шалгуур үзүүлэлтийг ашиглажээ.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр өнгөрсөн 2023 онд Орхон, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд тэргүүлсэн. Онцлох өөрчлөлтийн хувьд 2012-2020 онд буюу тайлангийн эхний есөн жил өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн Орхон аймаг дахин 1-рт, сүүлийн хоёр жилийн тайланд тэргүүлсэн Дорноговь аймаг нэг эрэмбэ ухарч, 2-р эрэмбэлэгдэж байв.

Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгуудын эрэмбэд өөрчлөлт ороогүй бол Дундговь, Завхан аймгууд дахин хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн билээ. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Дорноговь аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Засаглалын үр ашиг болон Дэд бүтцээр Орхон аймаг 1-рт эрэмбэлэгдсэн юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу