ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан талаар ТАСС агентлаг мэдээлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь “Шинэ хэлэлцээр ОХУ, БНАСАУ-ын хооронд 1961 онд байгуулсан Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ, 2000 оны Найрамдал, сайн хөршийн хамтын ажиллагааны тухай гэрээ, 2000, 2001 оны тунхаглалуудыг орлоно” гэж мэдэгдсэн билээ.

Тэрбээр мөн “Уг баримт бичиг олон улсын эрх зүйн бүхий л үндсэн зарчимд нийцсэн, аливаа улс орны эсрэг чиглээгүй, Зүүн хойд Азийн бүс нутагт илүү тогтвортой байдлыг хангах зорилготой” гэж онцолж байв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 24 жилийн дараа хоёр дахь удаагаа БНАСАУ-д айлчилж, тус улсын удирдагчидтай хийсэн хэлэлцээний үеэр дээрх хэлэлцээрийг “хоёр улсын урт хугацааны харилцааны үндэс суурь болох суурь баримт бичиг” хэмээн мэдэгджээ.

Хоёр талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүний хамт хийсэн В.Путин, Ким Жон Ун нарын хэлэлцээ 1 цаг 30 минут гаруй, нүүр тулсан хэлэлцээ хоёр цаг орчим үргэлжилсэн байна.

Хоёр удирдагч гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа “Aurus” лимузинээр зугаалжээ. Энэ аялал нь Оросын Ази, Номхон далайн бүс нутагт сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн чухал алхмуудын нэг болсон аж.

Владимир Путин, Ким Жон Ун нар өнгөрсөн Лхагва гарагт, Орост үйлдвэрлэсэн, “Aurus” лимузинг ээлжлэн жолоодож, зугаалсан байна. Энэ нь тэдний ойр дотно харилцаатай, бие биетэйгээ хамтран ажиллахад хялбар байдгийг нь харуулжээ.

Оросын төрийн телевизээр цацагдсан дүрс бичлэгт Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны автомашины загвар бүхий “Aurus” автомашины жолооны ард сууж буйг харуулсан байна.

Тэд цэцэрлэгт хүрээлэнгээр хоёр залуугийн хамт алхаж, “Aurus” автомашиныг ээлжлэн жолоодож зугаалсан бөгөөд Кимийн зорчигчийн суудалд инээмсэглэн сууж байгааг ч харуулжээ.

Путины туслахуудын нэг өнгөрсөн Лхагва гарагт Оросын удирдагчийг Кимд “Aurus” автомашин бэлэглэсэн талаар мэдэгдсэн байна. Энэ нь Орост үйлдвэрлэсэн, түүний хоёр дахь “Aurus” лимузин болох аж.

Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд Ким Путины өнгөрсөн хоёрдугаар сард бэлэглэсэн “Aurus”-ыг унаж буй талаар гуравдугаар сард мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Нэгдлийн яам “Путин Ким Жон Унд “Aurus” бэлэглэснээр Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбогдуулан НҮБ-аас авсан хориг арга хэмжээг зөрчсөн” гэж үзсэн байна.

Шинжээчид “Ким хориг арга хэмжээг зөрчин, хууль бусаар хил нэвтрүүлсэн “Maybach”, “Mercedes-Benz”, “Rolls Royce” зэрэг тансаг зэрэглэлийн маш олон автомашинтай” гэж үздэг ажээ.

Эх сурвалж: REUTERS, TASS
Д.ТУЯА

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу