Саудын Арабад хаж мөргөлийн үеэр 1000 гаруй мөргөлчин нас барж, 800 орчим хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа талаар ТАСС агентлагт Саудын Араб дахь Арабын хэд хэдэн орны дипломат төлөөлөгчийн газрын эх сурвалжийн мэдээлээс иш татан уламжилжээ.

Тус агентлагийн сурвалжлагчдын мэдээлснээр, нас барагсдын дийлэнх нь Египетээс Саудын Арабад ирсэн мөргөлчид аж. Египетийн дипломатуудад хаж мөргөлийн үеэр ойролцоогоор 1400 иргэн нас барж, сураггүй болсон тухай мэдэгдсэн талаар ТАСС-ын эх сурвалж мэдээлжээ.

“France Press (AFP)” агентлагийн мэдээлснээр, Египетийн 600 орчим мөргөлчин хаж мөргөлийн үеэр нас барсан байна. Жидда дахь Египетийн консулын газрын эх сурвалж “Египетийн эрх баригчдад хаж мөргөлийн үеэр мөргөлчид нас барж, сураггүй алга болсон 1400 орчим тохиолдол бүртгэгдсэн” гэж мэдээлсэн талаар ярьжээ.

ТАСС-ын эх сурвалжийн тэмдэглэснээр, нас барсан мөргөлчдийн ихэнх нь хууль бусаар хаж мөргөл үйлдсэн байна. Саудын Арабын эрх баригчид бусад орны мөргөлчдөд хажийн тусгай виз олгодог бөгөөд Меккад зөвшөөрөлгүйгээр мөргөл үйлдэхээр ирсэн иргэд агааржуулагчтай амралт зугаалгын байгууламж ашиглах боломжгүй болж, задгай газар наранд “шарагдах”-аас өөр аргагүйд хүрчээ.

Жилийн энэ үед тус бүс нутагт хэт халж, мөргөлчдийн архаг өвчин хүндэрч, бие махбод нь хямарч, ядарсны улмаас нас барсан байна. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь ахмад настнууд байжээ.

AFP агентлаг өмнө нь 550 мөргөлчин амиа алдсанаас 323 нь Египетийн иргэн байсан гэж мэдээлсэн байна. Тус агентлаг өнгөрсөн Лхагва гарагт Египетийн мөргөлчдөөс нас барсан хүний тоо 600 болж нэмэгдсэн талаар мэдээлжээ. Тэдний ихэнх нь хэт халууны улмаас амиа алдсан гэж тус агентлаг үзэж байгаа аж. Хаж мөргөлийн үеэр Меккад агаарын температур бараг 52 градус хүрсэн байна.

Энэтхэг, Индонези, Йордан, Иран, Сенегал, Тунис, Пакистан зэрэг улсын эрх баригчид иргэдийнх нь амь нас хохирсон талаар мэдээлжээ. Саудын Арабын эрх баригчид Хаж мөргөлийн үеэр нас барсан мөргөлчдийн талаарх мэдээлэлд тайлбар хийгээгүй байна. Саудын Арабын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, халуунд цохиулсан 2700 гаруй мөргөлчин эмнэлгийн тусламж авчээ.

Жидда дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын төлөөлөгчийн ТАСС агентлагт мэдээлснээр, Хаж мөргөлийн үеэр Саудын Арабад амиа алдсан Оросын мөргөлчдийн тоо тав болж нэмэгдсэн байна.

Дипломатчийн хэлснээр, мөргөлчдийн дийлэнх нь “эрүүл мэнд, насжилттай холбоотой байгалийн шалтгаан”-аар нас байжээ. Тодруулбал, Дагестанд амьдарч байсан мөргөлчдийн нэг нь зүрхний өвчин, чихрийн шижин өвчтэй байжээ. Дипломат төлөөлөгчийн газар “Хаж мөргөлийн үеэр амиа алдсан бүх орос иргэнийг Меккад оршуулна” гэж тэмдэглэсэн байна.

Хаж нь Меккад жил бүр зохион байгуулдаг мөргөл бөгөөд мусульман хүн бүр боломж олдвол заавал ороцох ёстой аж. Хаж мөргөл үйлдэх өдөр, сарыг Исламын сарны хуанлийн дагуу тогтоодог байна. Энэ дагуу 2024 онд зургадугаар сарын 14-нөөс 19-ний хооронд мөргөлчид мөргөл үйлджээ. Саудын Арабын эрх баригчдын мэдээлснээр,  энэ удаа мөргөлд 1.8 сая хүн оролцсон байна.

Эх сурвалж: TASS, AFP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу