Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуул нийслэлийн бондын талаар мэдээллээ.

Тэрбээр “Улаанбаатар хот анх удаа хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн бүтээгдэхүүн буюу бонд гарган арилжлаа. Нийт 500 тэрбум төгрөгийн бонд гаргаснаас цан цохиж, арилжаа эхлүүлснээс цагийн дотор захиалга дүүрсэн. Монголын хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүний эрэлт их байсан нь эндээс харагдаж байна.

Хоёрдугаарт, нийслэлийн бонд өгөөжийн өрөө гэж ярьдаг зах зээл дээрх суурь хүүг тогтоосноороо онцлог байсан. Бодлогын хүү 11 хувь дээр байдаг. Богино хугацааны эрсдэлгүй хөрөнгө оруулалт ийм хувьтай байдаг гэсэн үг.

Нийслэлийн бонд гурван хэсгээс бүрдэнэ. 1-3 жилийн хугацаатай. 1 жилийн хугацаатай нь 12, хоёр нь 13, гурав нь 14 хувьтайгаар гарсан. Богино болон дунд, урт хугацааны хүүгийн суурь түвшнийг тогтоосноор санхүүгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргах, хөрөнгө оруулалт татах боломжийн суурийг тавьснаараа онцлог.

Бондын зарцуулалтын хувьд, бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Зам засвар, эрчим хүч, цэвэрлэх байгууламж дээр голлон анхаарна. Мөн нийслэлийн хувьд, өр төлбөрийн харилцаанд анх удаа орж байгаагаараа онцлог. Тиймээс санхүүгийн сахилга батаа сайжруулах тал дээр бид хяналт тавин ажиллаж байна” гэв.

Түүний мэдээлснээр, олон улсын зах зээл дээр дэлхийн хотууд өөрийн бонд гаргаж, бүтээн байгуулалтын ажлаа шийддэг туршлагатай байна. Тухайлбал, АНУ-ын хотуудын бондын зах зээл дөрвөн их наяд ам.долларын хэмжээнд хүрсэн байдаг ажээ.

Улаанбаатар хот тулгамдсан асуудлуудаа өргөн хүрээнд даацтайгаар шийдэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын анхны орон нутгийн бондыг гаргаж буй. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн билээ.

Үүний эхний үе шат буюу 277.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг нэгжийг нь 100,000 төгрөгөөр, 17.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олон нийтэд арилжаалахаар болсон.

Нийслэлийн татварын орлогоор баталгаажсан Улаанбаатар хотын бондын хүүг зургаан сар тутамд төлөх бөгөөд хүүгийн орлогын албан татвар нь таван хувь байх юм.

Та Улаанбаатар хотын бондын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://ubbond.bdsec.mn холбоосоор, мөн тэргүүлэх андеррайтер Би Ди Сек ҮЦК: (976) 7555 1919, дэд андеррайтер Ти Ди Би секьюритис ҮЦК: (976) 7010 0261, (976) 11 311944, дэд андеррайтер Голомт Капитал ҮЦК: (976) 7012-1530 тус тус холбогдон авах боломжтой.

Улаанбаатар бондын татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүд нь тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050” болон Нийслэлийн 2021-2024 оны бодлого, стратеги төлөвлөгөөнд нийцэж буй. Үүний зэрэгцээ авто замын түгжрэл, агаарын бохирдол, боловсролын хүртээмж зэрэг асуудлыг шийдэж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу