Нийслэлд цас, бороо ээлжлэн орсон нэгэн бүрхэг өдөр “Харынхан” номын зохиолч Х.Умаахантай ярилцахаар цаг тохирсон юм. Нар буцахад ганцхан өдөр үлдсэн атал тэнгэр хангай нэг л аягүйрхэж, шөнөжин бороо асгаад, маргааш нь ийнхүү цас болон хувирчээ.

Шалбааг туучин алхах нийслэлчүүд ажин түжин, дэлгээстэй шүхэрт цас малгайлан тогтсон нь содон. “Интер ном” дэлгүүрийн хоёрдугаар давхарт байх “4450” кафед орвол цэлгэр цонхоор лавсах цас үзэсгэлэнтэй харагдах ба залуус намуухан дуу сонсож сууцгаана.

“Инээмсэглэл” хамтлагийн дуулснаар олны мэдэх “Улаанбаатарын үдэш” дуу, энэ орчинд төгс зохицох мэт эгшиглэнэ.

“Улаанбаатарын үдэш намуухан, намуухан” хэмээн өөрийн эрхгүй амандаа аялсаар ирсэн зочныхоо дэргэд суулаа. Мэнд мэдэлцэн танилцаад, шинэхэн номын тухай яриандаа орсон юм.

May be an image of video games, diary and text

Гарчиг нь “Харынхан”, Гадаадад ажиллаж, тэндээ харласан хүмүүсийг ингэж хэлдэг. Хавтасны зурагт харин метроны буудал дээр гуниглан суугаа залуу. Тэр буудал нь олон мянган монгол хүний харьд анх хөл тавьсан газар болох “Монгол Таун”. Хилийн дээсний гадна өрнөх өөр амьдралын эхлэл бас төгсгөлийн цэг гэж болно.

Чухам тэндээс ар гэрийнхээ амьдралыг өөрчлөхөөр шийдсэн залуусын хөлс урсаж эхэлдэг. Маш олон даваа нугачаатай, хүнд хүчир өдрүүд үргэлжилнэ. Эдгээр хүмүүстэй уулзаж танилцан, харьд өнгөрүүлсэн амьдралынх нь талаар ном бэлтгэхээр анх БНСУ-ыг зорьжээ.

 

-Анх БНСУ-ыг зорих болсон шалтгаан юунд байв?

-БНСУ-д ажиллаж амьдардаг 60 мянга орчим хүн бий. Анх тэдгээрийн төлөөлөл мянган хүнтэй уулзаж, сэтгэгдэл, байр байдлынх нь талаар ярилцлагын ном хийхээр зорьсон юм. Эхний өдөр Инчеоны онгоцны буудал дээр нэг өдөр, нэг шөнө гав ганцаараа хонож байлаа. Таньдаг хүн огт байгаагүй.

Зарын группээр дамжуулан ажил олж, монголчууд амьдардаг газарт нь очиж байсан. Очсон газраасаа эхлээд л уулзсан, танилцсан хүмүүсийнхээ тухай тэмдэглэл хөтөлсөн. Гэвч ажил, цаг хугацааны байдлаас хамаараад, анх зорьж байсан ярилцлагын ном маань уран зохиолын ном болж хувирсан. Тухайн үед зөвхөн ярилцлага гэхээс илүүтэй бодит байдлаас шалтгаалсан маш их шинэ санаа төрж байсан. Тэгээд л энэ бүхнийг цэгцэлж, баринтаглаад, өнөөдөр уншигчдын гарт өгөхөд бэлэн болсон байна.

-Нисэх онгоцны буудал дээр ганцаараа хонож байхдаа сайн, муу ямар зүйлстэй тулгарч байсан бэ?

-Уг нь БНСУ-д ажилладаг, сурдаг ганц нэг таньдаг хүн байсан. Монголд байхад нэгэндээ тустай явсан хүмүүс бий. Гэвч намайг очиход ямар нэг байдлаар асуудал гарч, уулзаж чадаагүй. Дээр нь бүгд л тэнд амьдрах гэж зовж байгаа. Амьдрах гэж, хөлөө олох гэж үзэж байж дахиад л нэг өөр шигээ хүн хажуудаа авна гэдэг мэдээж хэцүү.

Олны хэлдгээр тэнд үнэхээр хүйтэн хөндий санагдаж байсан. Монголчууд нэг нэгэндээ хайргүй, хүндэтгэлгүй, сэтгэлгүй юм байна гэж бодож байсан. Цагаа тулахаар гар сунгах нэг ч хүн гарч ирээгүй. Нэгнээ гэх ямар ч сэтгэлгүй гэж бодож явсан маань сүүлдээ өөрчлөгдсөн.

Өөрөө болохгүй бүтэхгүй, хэцүү бүхнийг туулж буй хүн хажуудаа бас нэг хов хоосон хүн аваад, хоол ундтай, ажил төрөлтэй байлгах гэж зовдог юм билээ. Анх буудал дээр ганцаараа хонож байхдаа бодож байсан бодол өөр болоод ирсэн тэр үед тэнд ажиллаж байгаа хүмүүсийг буруутгахаа больсон. Би өөрөө ч мэдэрсэн.

Хэн ч наашаа гэж гараа сунгахгүй, хэн ч хал балгүй ганцаараа хөдөлмөрлөөд явах нь ч сүүлдээ таалагддаг болсон. Угаасаа л ажиллах гэж, амь зуух гэж, мөнгө олох гэж ирсэн учраас бусад зүйлд анхаарал хандуулах боломж харь улсад олддоггүй гэдгийг ойлгосон.

-Ном бүтэх үйл явц хэр байсан бэ. Уран зохиол бүтээхэд мэдээж үйл явдал, тохиолдож буй юмсыг тэмдэглэж авдаг шүү дээ. Ажиллаж байхад нь тийм зав гарч байв уу?

-Анх тэнд очсон байсан найзтайгаа уулзаж ярилцаад, хамт ажиллахаар болсон юм. Эмэгтэй найз маань аяга таваг угаадаг ажилд орсон байж. Гэтэл тэр газрынх нь захирал нэлээн ёс зүйгүй, өмнө нь ажилчдадаа бэлгийн дарамт хүртэл үзүүлдэг байсан эр болж таарсан. Хүний нутагт эмэгтэй найзаа тийм газарт үлдээж чадаагүй учраас бид эхнэр, нөхөр гэж хэлээд, хэсэг хамт ажиллаж, амьдарсан юм. Бас ч гэж адал явдалтай.

Нэг нь орон дээр, нөгөө нь шалан дээр унтаж, хүн ороод ирвэл нэгнийхээ хөнжилд гүйж ордог ч байлаа. Химийн хортой бодистой их харьцдаг тул бронхит хүртэл туссан. +40 хэмийн халуунд гадаа дээвэр дээр ажиллана гэх мэт.

Яг ингэж хүнд өдрүүдийг туулж байхдаа бодогдсон, мэдрэгдсэн бүхнээ тэмдэглэж байхыг хичээсэн. Гэвч ажлын дундуур бараг л боломжгүй. Орой хариад, маш их ядарсандаа дэрэн дээр толгой тавиад л унтчихна.

Сүүлд ямар ч монгол хүнгүй газарт ганцаараа гурван сар ажилласан. Тэр үедээ чамгүй бичиж тэмдэглэх боломж олдсон. Чөлөө завгүй тэр зүйл дундаас чадах хэмжээндээ буулгаж авснаа сүүлд эмхэтгэж, ийнхүү ном болгосон.

-Тэр их ачаалал, зөрчилдөөн, дасаагүй орчинд монголчуудыг уяад байгаа зүйл нь цалин мөнгө байх. Үнэхээр л илүү олж байгаа учраас харлаад ч хамаагүй үлдэж ажиллах сонирхол их байдаг гэж бодож байна. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Гадаадад ажиллаж байгаа хүмүүс их сайхан далайн эрэгт очсоноо фэйсбүүктээ нийтэлдэг. Үзсэн харсан, очсон газартаа сайхан зураг татуулаад, гэрийнхэндээ явуулдаг. Хүн муу байгаагаа харуулахгүй шүү дээ. Өнөөх хүнд хүчир ажил, дарамт, сэтгэл зүйгээ бүгдийг нь нуугаад, гэрийнхэнтэйгээ утсаар ярьдаг. Үүний цаана тэр хүмүүсийн дотор зовлон шаналал, сэтгэл зүйн хямрал гэх мэт асар олон зүйл нуугдаж байдаг.

Тэднийг уяад байгаа зүйл нь амьдрах таатай орчин, цалин мөнгө л юм. Өөр юу ч биш. Солонгост амьдарч байгаа 60 мянган хүний бие нь л тэнд ажиллаж байгаа болохоос сэтгэл нь Монголдоо байгаа гэж бодсон.

-Тэдгээрээс ажигласан нийтлэг асуудал юу байсан бэ?

-Үр хүүхдийнхээ төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн асуудал маш аймшигтай зүйл юм билээ. Сэтгэл зүйн асуудалгүй нэг ч хүн тэнд байхгүй. Сэтгэл зүйн хямрал нүүрлэчихсэн. Тэр асуудлыг ТББ-аар дамжуулан Элчин сайдын яаманд мэдээлсэн л дээ. Монголоос сэтгэл зүйч авчрах талаар санал тавьсан юм. Гэтэл хамгийн инээдэмтэй нь сэтгэл зүйч биш лам авч ирье гэж хариулсан. Тийм л хариулт өгөх хэмжээний улстай байна гэдэг харамсалтай.

“Харынхан” номыг яг сонгуулийн өмнө хүмүүс уншаасай гэж бодсон юм. Харамсалтай нь, цаг нь хараахан таарч өгсөнгүй, сонгууль дөхчихлөө. Бүх айл өрхөд Солонгост очиж ажиллах хүсэлтэй нэг хүн байдаг шүү дээ. Энэ номд тэнд өрнөдөг сайхан, муухай хамаг л зүйлийг багтаахыг хичээсэн. Сайхан гэхээсээ илүүтэй асуудал болгоныг анзаарснаа бичсэн гэж болно .

-Энэхүү номд бас юуг илүү шингээсэн бэ. Эх орноо санах, аав ээжээ санах, хайр дурлалын хувьд ч тулгардаг асуудлууд багтсан байх?

-Би мянган хүнтэй уулзаж чадаагүй, 400 гаруй хүнтэй л уулзсан. Тэнд маш олон сонирхолтой хүн байсан. Мөн хайр дурлал, гэр бүлийн асуудал асар их байсан. Тэнд очоод, долоон жил болсон, хог новш шиг болтлоо тэнд байж монголчуудыг өөлж амьдардаг нэг хүнтэй уулзсан. Танилцаад, орой нь мухлагт “Сөжү” уугаад, хэсэг хамт суусан юм.

Солонгост байх хугацаанд нь аав, ээж нь өөд болчихсон байсан. Өнөөдрийг хүртэл хараар л амьдардаг, Монголд ирвэл буцаж чадахгүй. Хураасан байр сууцыг нь эхнэр нь аваад салчихсан. Юу ч үгүй болсон тэр хүн зүгээр л ажилдаа яваад, орой нь “Макколи” уугаад, тэндээ тасраад унтчихдаг. Тийм амьдрал хүртэл байна.

Тэр хүний нүд үнэхээр гал цоггүй, үхмэл байсан. Аав, ээжийнхээ ажил явдалд очиж чадаагүй, шарилыг нь ч хаана байгааг мэдэхгүй тухай ярьж байхдаа нүд нь арай нэг хүнийх шиг болж байх шиг санагдсан юм. Ийм хүмүүсийн амьдрал энэ номд бичигдсэн.

Дээр нь нэмээд гэр бүл салалт асар их. Хилийн дээс даваад л гэр бүл салдаг. Эрэгтэйчүүд нь ганцаарддаг, орой бүр архи уудаг, гэр бүлдээ олсон мөнгөө явуулдаг. Эмэгтэйчүүд нь дээрэлхүүлдэг, хүний газар хөхөө бариулдаг, өгзгөө илүүлдэг. Түүнээсээ өөрийгөө хамгаалах гэж, эрэгтэйчүүд нь асуудлаа мартаж, хань бараа хайж, хоорондоо суудаг тохиолдол маш их.

Би тэрийг үнэхээр үгүйсгэдэггүй. Таарч тохироод, нэг нэгэндээ дэм болоод амьдраасай гэж боддог. Зовлонг адилхан туулсан хүмүүс хамт амьдрах нь буруу биш. Гэтэл ар гэрээс нь залгаж дарамталдаг. Завхай, замбараагүй, архичин гээд л харааж эхэлдэг.

Тэнд олсон мөнгөө эх оронд үлдсэн гэрийнхэндээ явуулаад л байдаг. Энд байгаа ар гэр нь сүйрч дуусдаг. Хүүхэд нь хараа хяналтгүй, эхнэр нөхөр нь салчихсан. Солонгост байгаа монголчууд хөдөлмөрж чадаж байна, мөнгө олж чадаж байна. Гэхдээ мөнгөтэй, аз жаргалгүй хүмүүс л болж хувирсан. Яах вэ, ажил амьдралаа аваад явж байгаа, бизнесээ өргөжүүлж байгаа хүмүүсийг үгүйсгэхгүй. Гэхдээ асар цөөхөн.

-Уг нь гадаадад ажиллаж амьдрахын хүнд хэцүүг монголчууд нийтээрээ мэддэг хэр нь яагаад өөрчлөгдөхгүй байна гэж та бодож байна вэ?

-Солонгост ажиллаж байгаад ирсэн залуус тэр даруйдаа буцаад явахыг хүсдэг. Жил гаруйхны өмнө би 7000 төгрөгөөр хооллодог байсан бол өнөөдөр 15000 төгрөг. Яаж амьдраад байгаа юм бэ гэж шууд бодогддог. Ийм байдалдаа дасчихсан хүмүүс нь юуг ч өөрчлөх тэмүүлэлгүй болчихсон.

Өнөөдөр сонгууль хаяанд ирсэн байна. Сонгууль болох ёстой, төлөөлөх хэн нэгнийг сонгох ёстой. Гэхдээ өнөөдрийг хүртэлх бүх л зүйл бидний сонголтын үр дүн. Гурван сая хүний сонголтоор өнөөдөр бид зовж амьдарч байна. Солонгост очоод, ажил хийе, хөлсөө урсгаж, хүний нутагт зовж амьдаръя, нөхрөө явуулчихъя гэсэн бодолгүй амьдрахын тулд сонголтоо зөв хийх л хэрэгтэй.  

Хүзүүн дээрээ төмөр унагаж ухаан алдаад, цээж, гуяндаа шил зоолгож цус алдан байж, хоёр улаан гараараа олж ирсэн мөнгөөрөө би энэ бүхнийг жаахан ч гэсэн ойлгуулахын тулд хэвлэлд, редакторт мөнгө төлж, бномоо хэвлүүлсэн.

“Харынхан” номыг улс төртэй холбохыг бодохгүй байна. Гэхдээ өнөөдрийн үүссэн бүх л зүйлс сонголтын үр дүн учраас эргэцүүлэх сэдэл өгөхийг хүссэн.

-Сонголтын тухай ярьсных нэг зүйл тодруулъя. Залуус өнөөдөр эрх чөлөөт, амар тайван байдлыг илүүд үзэх болсон. Ядаргаатай зүйлсийг шууд өөрөөсөө холдуулаад, чөлөөтэй байхыг чухалчилдаг болсон юм шиг анзаарагддаг. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ?

-Тийм. Анзаарах хүсэлгүй, хамааралгүй гэж боддог хүмүүст ойлгох цаг нь ирнэ. Үнэхээр надад хамаагүй, миний орон зай гэдэг үзэл бодлоороо амьдрах нь зүгээр. Гэтэл нэг улсын хил дээр очоод, эсвэл нэг ажил эхлүүлэх гээд яг начир дээр нь байдлыг харахаар шууд өөрөөр харж эхэлнэ. Ойлгоно. Эрх чөлөөг давуу эдэлж байгаа нь ч зүгээр. Эдлээд л явж байхгүй бол юуг ч ойлгохгүй. Эрх чөлөөтэй байгаа хэр нь үүрэг хариуцлага гэх зүйл байгаа юм байна гэдгийг ч мэддэг болно. Хоёр том гүрний дунд жижигхээн ардчилал байгаа юм чинь чөлөөтэй байж байгаад л ойлгох хэрэгтэй.

-Эх орондоо ирээд, болж өнгөрсөн бүхний талаар та ямар дүгнэлт хэлэх вэ гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе?

-Хамгийн түрүүнд миний яг наад талд байдаг Умаахан шууд буцаад явъя гэж л бодсон. Гэхдээ цаад доторх хүн маань буцахгүйгээр ажиллаад, тэмцээд үзье л гэж шийдсэн дээ. Залууст эрх чөлөө байна. Сурахаар бол гарч сур, аялахаар бол аял, ажил хийгээд өрсөлдмөөр байвал өрсөлд. Эрх чөлөө бол хамгийн том зүйл.

Өнөөдөр миний эх орны юу нь ч муухай санагдахгүй байна. Зуны дунд сар хэр нь цас орж байгаа нь ч надад сайхан байна. Говьд жилийн дөрвөн улирал хаалгаа цоожилдоггүй хүмүүс өнөөдрийг хүртэл аж төрж байна шүү дээ. Тэр нь бидний мөн чанар, сэтгэл юм.

Эх орноо гэх далд дуудлага шиг мөн чанар гэж бидэнд бий. Монголчууд л өөрсдийгөө муу хүн мэтээр ойлгочихсон. Хулгайч, луйварчин, увайгүй хүмүүс нь маш цөөхөн. Гэтэл тэр цөөхөн муу хүмүүсээ л бид хараад ажиглаад байдаг.

Гадаадад нийгэм маш хэцүү шүү дээ. Ямар ч амьд харилцаа байхгүйгээр өглөө гараад л, орой шөнө ирнэ. Хүүхдүүд нь хичээлээ хийгээд, өрөөндөө сууж байдаг. Гэтэл монголчууд дэргэд нь үнэхээр амьд нийгэмтэй. Автобусанд яваа хүмүүс хэрэлдэх нь хүртэл амьд харилцаа юм шүү дээ. Соёлгүй юм шиг хэр нь энэ нь бидний өнөөх онцгой, нэг тийм харилцаа болоод тогтчихсон байна. Муудалцаад, стресстэж байхад ард нь яваа хоёр шоолж хөхрөлдөж байдаг ч юм уу.

Хүмүүс л уур бухимдал болгож хүлээж аваад байдаг болохоос маш гоё амьд харилцаатай, эрх чөлөөтэй нийгэмд бид амьдарч байгаа юм. Гадаадын өөр хаана ч ийм харилцаатай нийгэм байхгүй. Зарим засаж залруулах зүйлс мэдээж бий. Амьдрах орчин, дэд бүтэц гэх мэт олон зүйл байдаг. Эдгээрийг шийдэх хүнээ сонгоод, хэсэг хугацааны дараа шийдэгдчихвэл одоо байгаагаас ч илүү аз жаргалтайгаар бид амьдрах байх гэж боддог.

-Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Дашрамд дурдахад зохиолч Х.Умааханы “Харынхан” ном нь “Альфа”, “Азхур”, “Интэрном” зэрэг номын дэлгүүрүүдэд байршсан.  Зохиогчийн гар дээрээс худалдаж авах бол 86230604 утсаар холбогдох боломжтой. 

А.САЙХАНБАЯР

3 САНАЛ

  1. Өөрийн гэсэн дотоод ертөнц бие сэтгэл доторх амьдрал гэж бий. Сэтгэлийн амар амгаланд хүрэх асар хол юм шиг боловч Солонгост байх энэ түр зуурийн амьдралыг л тэсээд Монголдоо оччихвол тайтгарч тайвшрах нь тодорхой мэт санагддаг. Мэдээж энд байх хугацаа жаргал биш. Амьдрал жаргал зовлонгийн нийлбэрээс бүрддэг хойно зовлон нь харьд, жаргал нь нутагт минь оршин байхад буруушаах зүйл үгүй дээ. Болно бүтнэ болгоно бүтээнэ гэж шүд зуун өнгөрсөн энэ хэсэгхэн хугацаанд хуруу хумсаа хугалан байж ажиллах гэдэг үгийг ойлгож, ээж аавын амьдралынхаа турш мэдэрсэн ядрал зүдрэлийн өчүүхэн нэг хэсэг нь энэ гэхээр сэтгэл өвдөж дотор палхийдэг. Ойлгох зүйлээ ойлгож олох зүйлээ олж байгаа болохоор хүчтэй байгаарай Миний МОНГОЛЧУУД.🇲🇳

  2. Номын зохиолчтой олон зүйл дээр санал нийлж бна. Солонгост сайхаан. Монголдоо ирээд шууд л буцаад явмаар санагдсан даа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу