ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 24 жилийн дараа БНАСАУ-д хоёр дахь удаагаа төрийн айлчлал хийж, тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзсан. Хоёр улсын удирдагчид нийтдээ 10 гаруй цаг яриа, хэлэлцээ өрнүүлсэн.

Түүний нэг үр дүн нь хоёр орны хооронд стратегийн түншлэлийн шинэ гэрээ байгуулсан явдал байв. В.Путины БНАСАУ-д хийсэн найрсаг айлчлалын талаарх дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

ХЯТАД

GLOBAL TIMES: Москва, Пёньяны дотносол “онцгой” юм. АНУ болон холбоотнуудын хоёр улсыг тусгаарлаж, дарангуйлах олон жилийн стратеги тэднийг Америкаас ирж буй нийтлэг аюул заналхийллийн эсрэг хамтран ажиллахад автоматаар түлхэж байна. Путины энэ удаагийн айлчлал Орос, БНАСАУ-ын харилцааг шинэ шатанд гаргах нь дамжиггүй…

Сүүлийн хэдэн арван жилд Вашингтоны хандлага энэ хоёр улсын хүчийг сулруулж, тусгаарлах байсан ч чадаагүй. Одоо тэд улам ойртож, хамтын ажиллагааны ачаар өмнөхөөсөө илүү хүчирхэг болж байна.

Хонконг. SOUTH CHINA MORINING POST: БНАСАУ дэлхийн улс төрд томоохон тоглогч гэсэн дүр зургийг бий болгож байгаа тул Путинтэй уулзах боломж олдсон нь Ким Жон Уны хувьд улс төрийн том ялалт юм.

Тайвань. CNA: Путины БНАСАУ-д сүүлийн 24 жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал. Орос, БНАСАУ “олон улсын тусгаарлалт”-тай тулгарсан тул энэ айлчлал нь ОХУ болон БНАСАУ-ын харилцааг ойрын хэдэн арван жилийн турш өөрчилнө. Орос, БНАСАУ-ын харилцаа өрнөдийн орнуудыг түгшээж байна.

АНУ

WASHINGTON POST: Вашингтон болон түүний холбоотнууд ОХУ, БНАСАУ-ын хооронд цэргийн хамтын ажиллагаа өсөн нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлж байна. Хойд Солонгост Зөвлөлт болон Оросын зэвсгийн системд нийцэхүйц их бууны сум, пуужингийн нөөц бий гэж үздэг.

ОХУ-ын зэвсгийн системүүд нь Путин болон Ши Жиньпин нарын дэлхийн засаглалыг өөрчлөх, олон улсын хэмжээнд АНУ-ын ноёрхлыг зогсоох хүчин чармайлтыг дэмжиж байгаа хэрэг юм.

THE HILL: Орос, Хойд Солонгосын цэргийн холбоо нь гадаад бодлогын олон асуудлаар дарамт, шахалттай тулгарсан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд энэ намрын сонгуульд асуудал үүсгэж болзошгүй. Байден Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа АНУ-д өчүүхэн ч атугай ахиц дэвшил гаргасангүй. Хэлэлцээ эхлүүлэх талаар олон санал тавьсан ч Ким Жон Унтай харилцах харилцаанд ахиц дэвшил гараагүй.

ABC: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Лхагва гарагт Пёньянд түншлэлийн гэрээнд гарын үсэг зурснаар барууны удирдагчидтай сөргөлдөх стратегийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэв.

ASSOCIATED PRESS: Энэ гэрээ нь хүйтэн дайн дууссанаас хойш Москва, Пёньян хоорондын хамгийн ойр дотно харилцааг илтгэж байна.

THE NEW YORK TIMES: Орос, Хойд Солонгосын удирдагчдын харилцаа гүнзгийрч байгаа нь Вашингтоны хувьд асуудал болоод байна. АНУ Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хазаарлах хүчин чармайлтаа биелүүлэх чиглэлээр Москватай хамтран ажиллана хэмээн найдаж байсан удаатай.

FOX NEWS: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Лхагва гарагт харилцан туслалцаа үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан нь ЗХУ задран унаснаас хойш хоёр орны харилцааг улам ойртууллаа.

КАНАД

CBC: Шинэ гэрээнд “улс орнууд аль нэгнийх нь эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд бие биедээ тусламж үзүүлнэ” гэж заасан. Хэлэлцээрт тусгагдсан Путин, Ким Жон Ун нарын эдгээр үгсийг одоо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Украин болон дэлхийн хамтын нийгэмлэгийг бүхэлд нь хамрааж магадгүй гэсэн үүднээс барууны орнууд санаа зовж байна.

ИХ БРИТАНИ

THE TIMES: ОХУ, БНАСАУ-ын хооронд байгуулсан гэрээ нь АНУ тэргүүтэй барууны орнууд болон Хятад, Орос, Хойд Солонгосын сөргөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудын аюулгүй байдлын асуудлыг улам томруулна.

THE INDEPENDENT: Путин, Ким хоёрын халуун дотно харилцаа нь зөвхөн Өмнөд Солонгос, Япон болон бусад бүс нутгийн орнуудад төдийгүй дэлхийн бусад улс орнуудад ч гэсэн аюултай.

THE GUARDIAN: Орос, Хойд Солонгос хоёр ЗХУ-ын үеийн хамтын ажиллагааны түвшинд эргэн ирж, цэргийн мөргөлдөөн гарсан тохиолдолд Москва, Пёньян бие биенээ хамгаалах үүрэгтэй, НАТО маягийн цэргийн эвсэл рүү шилжиж байгаад санаа зовж байна. Үр дагавар нь Украин болон Солонгосын хойгийн асуудлаас ч илүү байх болно.

ФРАНЦ

BFM TV: Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг сүр дуулиантай хүлээн авч уулзлаа. Энэхүү ёслолын хүлээн авалт нь хоёр орны найрсаг харилцааг гэрчилж байна.

CNEWS TV: Хэдийгээр энэ гэрээ нь хоёр орны харилцааг ойртуулж, барууны эсрэг чиглэсэн нь илт харагдаж байгаа ч Ким Жон Ун энэхүү баримт бичиг нь зөвхөн энх тайвны, хамгаалалтын шинж чанартайг онцолжээ.

RADIO CLASSIQUE: Энэ гэрээний ач холбогдол нь зэвсэгт хүчний хувьд АНУ болон Европын холбооны орнуудад түгшүүр төрүүлэв.

20 MINUTES: Путин, Ким Жон Ун нар Америкийн ноёрхлын эсрэг хамтдаа тэмцэж, америкчууд болон европчууд сүүлийн саруудад Москва, Пёньян ойртож байгаад санаа зовж байна.

ГЕРМАН

DPA: АНУ болон түүний холбоотнууд юуны түрүүнд Орос, БНАСАУ-ын цэргийн хамтын ажиллагаа нэмэгдэж, мөн АНУ-ын эсрэг нэгдсэн фронт байгуулах асуудалд ихээхэн санаа зовж байгаа тул Пёньян дахь уулзалтыг анхааралтай ажиглаж байна.

DER SPIEGEL: БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны АНУ-ын Ерөнхийлөгчид өхөөрдөм захидал бичиж байсан үе өнгөрсөн. Одоо тэрбээр ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтэй салшгүй харилцаатай “ахан дүүс” болсон.

FRANKFURTER ALLGEMEINE ZEITUNG: Хэдийгээр цэргийн хамтын ажиллагааны талаарх мэдэгдлийн мөн чанар тодорхойгүй хэвээр байгаа ч энэ нь барууны орнуудын хувьд эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Тухайлбал, Украин дахь зэвсэгт мөргөлдөөн, Солонгосын хойгийн нөхцөл байдал ч ээдрээтэй болж байна. Владимир Путин, Ким Жон Ун нар олон улсад түгшүүр төрүүллээ.

ИТАЛИ

CORRIERE DELLA SERA: Цэргийн хамтын ажиллагаа, далд тусламжийн амлалт нь Владимир Путин, Ким Жон Ун нарын баталсан шинэ стратегийн гэрээний гол заалтууд юм. Хойд Солонгосын удирдагч “Пёньянд заналхийлсэн тохиолдолд” цөхрөхгүйгээр хариу өгнө. Үүнд ОХУ ч хариу үйлдэл үзүүлнэ” гэж дэлхий нийтэд анхааруулав.

LA REPUBBLICA: Путин Пёньянд хийсэн айлчлалаараа олон улсын хориг арга хэмжээг үл харгалзан, өөрийн хүссэнээ хийж чадна, барууны хангамжаас өөр хувилбар олж, хоригийг эвдэж, барууны неоколоничлолыг эсэргүүцэж буй улс орнуудтай бизнес, улс төрийн харилцаатай байх болно гэдгээ харуулахыг хүсэж байна. Хэдийгээр БНАСАУ энэ зуунд цөмийн зэвсэг туршсан дэлхийн цорын ганц улс ч гэсэн Ким Жон Ун бол хамгийн “тохиромжтой” түнш нь юм.

IL MESSAGGERO: Дэлхийн улс төрд өрнөж буй үйл явдлуудын хамгийн түгшүүртэй хувилбаруудын нэг нь Орос, Хойд Солонгосын хоорондох “эргэлтийн цэг” нь Украинд болсон явдал байв. Өдөр ирэх тусам нэмэгдэж буй нөхөрлөлийн бүх “шинж тэмдэг” зөвхөн Киевт төдийгүй Вашингтонд тайван унтах боломж олгоогүй.

УНГАР

MAGYAR NEMZET: Путины БНАСАУ-д хийсэн айлчлал зөвхөн хоёр талын харилцааг бэхжүүлэх зорилготой байсангүй, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр талд ашигтай.

TELEX: Путин Хойд Солонгост барууны хориг арга хэмжээг тэнцвэржүүлж, эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэхээ амалсан. НАТО “Путин Хойд Солонгост цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, пуужингийн технологио хөгжүүлэхэд нь тусалж, хариу өгнө” гэж эмээж байна. Түүний цөмийн жижиг зэвсэг алсын тусгалтай бол жинхэнэ саад тотгор болно.

VILAGAZDASAG: Иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр нь ОХУ-ын хувьд сүүлийн жилүүдэд Азид хийсэн хамгийн чухал алхмуудын нэг байж магадгүй юм.

LA VANGUARDIA: ОХУ, БНАСАУ-ын удирдагчид дахин уулзаж байна. Кремлийн тэргүүн урилгыг хүлээн авч, Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш унтаа байдалд байсан түүхэн холбоог бэхжүүлэхээр Пёньянд очжээ.

ШВЕЙЦАРЬ

RTS TV: Москва, Пёньяны дотносол илүү эрчимжиж буйд америкчууд болон европчууд санаа зовж байна.

ABC: Москва, Пёньяны харилцаа холбоо нь Оросыг Украинд цэргийн довтолгоо хийхдээ Хойд Солонгосын зэвсгийг олж авч, ашиглаж байна гэж үзэж байгаа барууны орнуудыг түгшээж байна.

ПОЛЬШ

POLYTIKA: Оросын Ерөнхийлөгчийн Хойд Солонгост хийсэн айлчлал бол энэ оны хамгийн чухал геополитикийн үйл явдал боллоо. Ким Жон Ун Владимир Путинтэй яг л хаантай уулзаж буй мэт, бизнесийн хамтрагч, халуун дотно найз шиг уулзав.

FAKT: Владимир Путиныг Хойд Солонгосын нийслэлд “од” шиг хүлээж авлаа. Айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч болон Хойд Солонгосын удирдагч нар цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж, ээлжлэн лимузин жолоодож, хоёулханаа үлдсэн.

Энэ үеэр тэд албан бус хэлэлцээ хийсэн байж болзошгүй. Путин жолоо барьж, Ким түүний хажууд зорчигчийн суудалд суусан нь сонирхолтой юм.

РУМЫН

RADIO GOLD FM: Хойд Солонгос нутаг дэвсгэрийнхээ ховор нөөцийн ачаар удахгүй хамгийн “чухал” орнуудын нэг болно. Эдгээр нь хагас дамжуулагч үйлдвэрлэх гэх мэтчилэн өндөр технологийн салбарт шаардлагатай ховор металлууд юм.

ЭНЭТХЭГ 

THE PRINT ONLINE: Путин сүүлийн 24 жилд анх удаа тус улсад айлчилж байна. Энэ нь Оросын Ерөнхийлөгчийн хэлснээр, Москва, Пёньян хоёул  давхар стандартад суурилсан дэлхийн неоколоничлолын дарангуйллын эсрэг, Америкийн эсрэг фронт байгуулахыг хичээж байгаа үед тохиож байна.

Путин, Ким нар барууны гүрнүүд болон НҮБ-ын хамгийн хатуу хориг арга хэмжээнд өртөж буй хоёр улс юм. Орос, Хойд Солонгосын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа нь, ялангуяа хөрш Өмнөд Солонгост заналхийлж буй сүүлийн үеийн цөмийн зэвсгийн хөтөлбөр барууны орнуудыг түгшээж байна.

HINDUSTAN TIMES: Орос улс Хойд Солонгостой хөгжиж буй харилцаагаа Вашингтоныг эсэргүүцэхийн тулд ашиглаж буй бол хатуу хориг арга хэмжээнд орсон Хойд Солонгос улс төрийн дэмжлэг, эдийн засгийн тусламж, худалдааны амлалтуудыг Москвагаас авсан.

ЯПОН

NHK: Хойд Солонгосын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулснаар Япон, АНУ, Өмнөд Солонгосын эсрэг сөрөг үйл ажиллагааны “тэнхлэг” бий болгохыг хүсч байгаа бололтой. Хоёр улсын хамтын ажиллагаа, харилцааг хөгжүүлэх нь үндэсний хэмжээнд аюул заналхийлж байна гэж үзэх ёстой.

NIKKEI SHIMBUN: Хэрэв Хойд Солонгосыг цөмийн гүрэн гэж хүлээн зөвшөөрвөл цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэм суларна. Мөн энэ нь цөмийн хөтөлбөр хөгжүүлж байна гэж сэжиглэгдэж буй Ираныг ч мөн адил замаар явахад хүргэж болзошгүй юм. Иргэдийнх нь 70 орчим хувь нь цөмийн зэвсэг эзэмшихийг дэмждэг тул Өмнөд Солонгост ноцтой нөлөө үзүүлнэ.

ӨМНӨД СОЛОНГОС

KBS: Хойд Солонгосын нийтэлсэн бичвэрт “цэргийн тусламж”-ын тухай тусгайлан дурдсан байдаг. Үүнийг автоматаар “цэргийн хөндлөнгийн оролцоо”-ны заалт гэж ойлгож болох тул хоёр талын харилцаа бараг эвслийн түвшинд хүрсэн бололтой.

АВСТРАЛИ

ABC: Владимир Путин, Ким Жон Ун нар батлан ​​хамгаалахын шинэ гэрээнд гарын үсэг зурж буйд барууныхан түгшиж байна.

ТАЙЛАНД

PBS: Оросын удирдагчийн Хойд Солонгост хийсэн айлчлалыг дэлхий нийт ажиглав.

ТУРК

SOZCU: Хоёр улсын зэвсэгт хүчин ойртож байгаад санаа зовж буй барууны орнууд Путины айлчлалыг анхааралтай ажиглаж байна.

ИЗРАИЛЬ

HAARETZ: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар БНАСАУ-ын нийслэл Пёньянд дахин уулзсан. Энэ үеэр нийтлэг дайсан болох АНУ-тай сөргөлдөж буй хоёр орны харилцааг улам бэхжүүллээ.

GLOBES: Вашингтон, Сөүлд өгч буй анхааруулга: Путин барууны аюулгүй байдлын симтемийг эвдэхийн тулд Хойд Солонгосын дарангуйлагчтай хамтран ажиллахыг хүсч байна уу?”

YEDIOTH AHTONOTH: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хувьсгалт хамгаалалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Барууныхны санааг зовоож буй – Шинэ эрин үе.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу