Улсын онцгой комиссоос цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Үүсээд буй нөхцөл байдлын улмаас өнөөдрийн байдлаар Орхон, Дархан-Уул аймагт айлын гэр усанд автсан. Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд айлын 300 орчим ноосолсон хонь осгосон. Өглөөний 08:00 цагаас хойш айлын гэр, зам талбай усанд автсан 24 дуудлага ирээд байна.

Өдрийн цагаар эцэг, эх нь ажилдаа явж, хүүхдүүд нь хараа хяналтгүй байгаагийн улмаас усанд автсан байршлуудад бага насны хүүхдүүд байсан учраас тухайн хүүхдүүдийг түр хорогдох байр руу шилжүүлж, аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байна. 

Өнөөдрийн 12 цагийн байдлаар Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрөөсөө 43 см, Туул голын усны түвшин 58 см, Сэлбэ гол Санзай орчимд 18 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинг даваад байна. Мөн Туул гол Зайсан орчимд 51 см, Сэлбэ гол Дамбадаржаагийн гүүр орчимд 18 см, Улиастай гол 19 см-ээр нэмэгдэж, олон жилийн дунджийг даван үерлэж байна. 

Төвийн бүсийн ихэнх нутгаар бороо 12 цагаас дээш хугацаагаар үргэлжлэн орж, хөдөө орон нутагт ноосолсон хонь, мал осгож байна. Мөн газар тариалангийн бүс нутгаар ургац алдах эрсдэл үүсэж байна” хэмээн хэллээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

           

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу