УИХ-ын 2024 сонгууль зургаадугаар сарын 28-нд болно. Монгол Улсад нийт 2 сая 300 мянга гаруй сонгуулийн насны иргэн байна гэсэн статистик мэдээлэл бий юм.

Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 66.16-д:

Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй гэж заасан байдаг.

Энэхүү хуулийн СЕХ-ноос хууль таниулах чиг үүргийн хүрээнд уул уурхай, зам тээвэр, аялал жуулчлалын салбарын зарим байгууллагуудад сурталчилж таниулах үйл ажиллагаа зохион байгуулжээ. Мөн уг хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр байгууллагуудад мэдээлэл хүргэсэн байна.

СЕХ-ны Газрын дарга Н.Булгамаа “Бид хууль таниулах чиг үүргийнхээ хүрээнд ээлжээр ажилладаг байгууллагуудын удирдлагатай уулзаж, сургалт мэдээлэл хүргэсэн. Хуульдаа санал өгөх өдөр ажлаас чөлөө өгөхөөс гадна санал өгөх боломжоор нь хангана гэж заасан байдаг.

СЕХ-ноос хэдэн хоногийн чөлөө өг, тийм боломж байна гэх чиглэл өгөх боломжгүй. Зөвхөн уг үүргээ биелүүлээрэй гэсэн мэдээлэл өгдөг. Хэрвээ энэ хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1.31-т заасны дагуу санал өгөх боломжоор хангаагүй иргэнийг 10 мянган нэгж буюу 10 сая, хуулийн этгээдийг 100 мянган нэгж буюу 100 сая төгрөгөөр торгох заалт бий.

Иймд байгууллагууд ажилчдынхаа сонгох эрх, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий хорооноос уриалж байна” гэж мэдээлэв.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу