Хуситийн цэргийн төлөөлөгч Яхья Сариа “Йемений “Ансар Аллах” босогчдын хөдөлгөөний хуситүүд Улаан тэнгис дэх “Transworld Navigator” тээвэрлэгч хөлөг онгоц,  мөн Энэтхэгийн далайд “Stolt Sequoia” хөлөг онгоц руу дайрсан” гэж мэдэгдэв.

Түүний хэлснээр, “Transworld Navigator” руу нисгэгчгүй завиар довтолсон бол “Stolt Sequoia” хөлөг рүү далавчит пуужингаар харважээ. Тус хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч хуситүүдийн эзэмшдэг “Аль Масирах” телевизийн сувгаар “Хоёр хөлөг онгоцыг эзэмшиж байсан компаниуд эзлэгдсэн Палестины боомт руу нэвтрэхийг хориглосон заалтыг зөрчсөн тул онилсон” гэж мэдэгдсэн байна.

Хөдөлгөөний төлөөлөгч мөн “Йемений зэвсэгт хүчний ажиллагаа нь АНУ-ын нисэх онгоц тээгч “Дуайт Эйзенхауэр”-ыг Улаан тэнгисээс эргүүлэн татахад хүргэсэн” гэж мэдэгджээ. Хуситүүд өмнө нь “Дуайт Эйзенхауэр” нисэх онгоц тээгч хөлөг онгоцонд гурван удаа цохилт өгсөн тухай мэдээлсэн бөгөөд хамгийн сүүлд зургадугаар сарын 22-нд халдсан байна.

Мөн өдөр Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер “Дуайт Эйзенхауэр” Улаан тэнгисийг орхиж, оронд нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт байрлах “Теодор Рузвельт” нисэх онгоц тээгч хөлөг онгоц гарна гэж мэдэгджээ.

Газын зурвас дахь мөргөлдөөн хурцадсаны улмаас “Ансар Аллах” хөдөлгөөн Палестины нутаг дэвсгэрт ажиллагаа эхлэх хүртэл Израилийг онилж, холбогдох хөлөг онгоцуудыг Улаан тэнгис болон Баб аль-Мандебын хоолойгоор нэвтрүүлэхгүйгээ анхааруулсан. 2023 оны арваннэгдүгээр сараас хойш хуситүүд Улаан тэнгис болон Адены буланд иргэний олон арван хөлөг онгоц руу дайрчээ.

“Ансар Аллах”-ын цохилтын хариуд Америкийн эрх баригчид олон улсын эвсэл байгуулж, Улаан тэнгист хөлөг онгоц чөлөөтэй зорчих, мөн хамгаалах зорилгоор “Prosperity Guardian” ажиллагааг эхлүүлснээ зарласан. Үүний дараа Их Британи, АНУ-ын зэвсэгт хүчин Йемен дэх босогчдын цэргийн объектуудад тогтмол цохилт өгөх болсон билээ.

Эх сурвалж: TASS, AL MASIRAH
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу