Наадамчдын гудамжаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн ажлын тендер 2022 онд зарлагдаж, 2023 онд эхэлж байв. Тухайн үед уг гүүрийг 2023 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна хэмээж байсан ч барилгын ажид гацсаар 2024 онтой золгосон билээ.

Хотын дарга Х.Нямбаатар гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах талаар гүйцэтгэгч компаниас ам авч байсан ч өнөөдрийг хүртэл барилгын ажил дуусаагүй байна. 

Гэвч уг гүүрийг ашиглалтад оруулж амжаагүй байтал усанд автлаа. 

Гүүрийг “Мотор сервис” гэх компани барьж буй. Тус компанийн менежер Э.АлдарГүүрийн ажил одоогоор нийтдээ 91 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Бидний хувьд тус гүүрний ажлыг ирэх зургаадугаар сарын 1-н гэхэд хүлээлгэн өгөхөөр ажлаа шахаж хийж байгаа. Гүүрийн дам нуруу, зорчих хэсэг, тэгшилгээний үе бүгд бүрэн хийж дууссан. Харин одоо гүүрний дээгүүр явган хүний зам, Энхтайваны гүүр шиг зорчигчид амрах хэсгийг хийж байна.

Энэ шинэ гүүр Яармагийн зам буюу Хангарьд төвийн урдаас хойшоо явсаар “Өнөр” хороолол буюу 32-ын уулзвартай залгагдана. “Хархорин” захын баруун талаар гарч ирнэ гэсэн үг. Манай компанийн хувьд зөвхөн гүүрний ажлыг гүйцэтгэж байна. Замыг нь өөр компани хариуцан ажиллаж байгаа байх. Гүүрний хувьд нийт гурван хэсэг гүүр барьж байна. Хоёр жижиг хэсэг нь ерөнхийдөө дууссан.

Одоо том буюу 391 метр урттай гүүрний ажил дуусах шатандаа явж байна. Тулгамдаж байгаа асуудал гэвэл шар усны үерээс шалтгаалж, Туул голын усны түвшин, урсгалын хүч нэмэгдсээр байна. Гэхдээ асуудлыг шийдээд явах боломжтой гэж тооцоолсон.

Туул гол үерлэх, байгаль цаг уурын бусад нөлөөллөөс шалтгаалсан эрсдэлийг бид бүрэн тооцож, энэхүү гүүрийн ажлыг явуулж байна. Мэдээж олон улсын стандартыг мөрдөж, тус гүүрийг ашиглалтад хүлээлгэн өгнө. Чанарын хувьд эргэлзэх шаардлага байхгүй гэж хэлж болно” хэмээн хэлж байв. 

Харин Нийслэлийн замын хөгжлийн газрын зүгээс “Гүүрний хувьд гурван хэсэг гүүр байна. Нэг нь 54.8 метр урт, нөгөөх нь 36.75 метр. Харин хамгийн урт буюу том гүүр нь 391.5 метр. Эдгээр ажлууд одоо 91 хувийн гүйцэтгэлтэй буюу ажил ерөнхийдөө дуусах шат руугаа орсон гэсэн үг. Уг шинэ гүүрний нийт төсөвт өртөг нь 77.8 тэрбум төгрөг байгаа” гэж байсан билээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан тав хоногийн урьдчилсан мэдээгээр маргааш буюу зургаадугаар сарын 25-наас 28-ныг хүртэл бороо орох төлөвтэй байна. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу