Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. 

Энэ жилийн наадамд зодогдох бөхчүүд хэдийнэ бэлтгэлдээ гарсан байна. Улсын аварга С.Мөнхбат энэ жилийн наадамд зодоглохгүйгээ мэдэгдлээ. 

Тодруулбал, тэрбээр “Би энэ жилийн наадмаар зодоглохгүй байя гэсэн бодолтой байна. Надад бэртэл, гэмтэл байхгүй. Өндөр түвшний бэлтгэл алга. 

Би барилдаад байвал барилдаад л байна. Гэхдээ Монгол Улсын аварга хүний үүрэг, оролцоо гэж бий. Тахим буулгаж, начин төрүүлээд, нутгийн дүү нарыг үнсээд байвал хэдэн жил ч үнсэж болохоор байна. Харин тэгэх шаардлага байна уу гэдэг нь асуудал. 

Хүн бүр өөр өөрөөр боддог байх. Миний хувийн бодол бол аварга хүн ард түмнээ баясгаад, наадамдаа зодоглох нь сайхан. Гэхдээ яг үзүүр, түрүү булаалдах сэтгэл зүйгүй, ард түмэн тэгж харахгүй бол барилдаад хэрэггүй. Би гурван залуутай. Тэднийгээ бөх болгоно гэж бодож байгаа учраас аав нь унаж харагдаад байвал муухай биз дээ” хэмээв.

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. зөв бодолтой шударга сайхан аваргадаа эрүүл энх аз жаргал хүсье!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу